
УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Хуралдааны дараагаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “АН-ын бүлгийн ээлжит хурал болж өндөрлөж, хоёр асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, сүүлийн өдрүүдэд Оюу Толгойн ордтой холбоотой сонсгол зохион байгуулагдсан. Энэхүү сонсголын тайланг Түр хороо УИХ-аар хэлэлцүүлэх ёстой. Тус Түр хороонд АН-ын бүлгээс төлөөлж УИХ-ын гишүүн Жаргалан, Шижир, Бямбасүрэн нар ажилласан бөгөөд тэд бүлгийн хурал дээр тодорхой мэдээлэл өгч, байр сууриа илэрхийллээ.
Хоёрдугаарт, өнөөгийн улс төрийн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Ялангуяа дэд сайдын томилгоотой холбоотой асуудалд хэвлэл мэдээлэл, олон нийт ихээхэн анхаарал хандуулж байна. АН-ын бүлгийн зүгээс дэд сайдын асуудал бол зүгээр нэг ганц асуудал биш, зүйрлэвэл мөсөн уулын орой юм гэж үзэж байна.
АН өнгөрсөн хугацаанд төрийг цомхон, үр ашигтай, бүтээмжтэй болгох, эдийн засагт төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшил, иргэдэд боломж олгох байр суурийг тууштай илэрхийлж ирсэн. Төсөв, төсвийн тодотгол бүр дээр ч төсвийг танах, хэмнэх санал санаачилгыг бүрэн дэмжиж ажиллаж ирсэн.
Гэтэл сүүлийн долоо хоногт яригдаж буй дэд сайдын асуудал нь нэгдүгээрт, төрийн орон тоо, дарга нарын тоог нэмэгдүүлж байгаа асуудал юм. Хоёрдугаарт, өнөөдөр Монгол Улсад зайлшгүй хэрэгтэй болоод байгаа цомхон төр, төрийн өмчийг хувьчлах, олон нийтийн болгох зарчимтай огт нийцэхгүй байна. Энэ бүхний нэг илрэл нь дэд сайдын томилгоо юм.
Иймд АН-ын бүлгээс төрийг цомхон болгох, дэд сайдын томилгоог цуцлах шаардлагыг тавьж байна. Хэрэв энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол АН-ын зүгээс Засгийн газрыг, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барина гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.
Өнөөдрийн бүлгийн хурал дээр би уг асуудлаар танилцуулга хийсэн. Санал хураалт хараахан хийгдээгүй ч, Засгийн газрыг огцруулах саналыг өөрийн бланк дээр өргөн барина гэдгээ танилцуулсан. Улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг ч мөн гишүүдэд тайлбарлалаа. Бүлгийн гишүүд үүнийг зөв, зарчмын байр суурь гэж хүлээн авч, дэмжиж байгаад талархал илэрхийлье.
Дэд сайдын асуудлаар товч түүхэн мэдээлэл өгье. 2015 оны 10 дугаар сарын 30-нд УИХ Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, дэд сайдгүй ажиллах шийдвэрийг тухайн үед АН засаг барьж байхдаа гаргасан. Харин 2016 оны 6 дугаар сард сонгууль болж, МАН олонх болсны дараа 7 дугаар сарын 21-нд Засгийн газрын тухай хуульд дахин өөрчлөлт оруулж, дэд сайдтай ажиллана гэж хуульчилсан. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль энэ юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 4–5 мянга орчим төрийн албаны орон тоо хоосон байна. Гэтэл ийм нөхцөлд дэд сайдын асуудлыг “хуульд байгаа” гэх тайлбараар оруулж ирж байгаа нь зохисгүй. АН-ын бүлгийн болон миний хувийн байр суурь бол тодорхой: хэрэв Ардын нам энэ зохицуулалтыг хуульд оруулсан бол өөрсдөө хуулиа өөрчилж, дэд сайдын орон тоог хасах бүрэн боломжтой.
Бидний шаардлага хэвээрээ. Хэрэв энэ долоо хоногт Засгийн газар, УИХ-ын олонх дэд сайдын томилгооны асуудлаа буцаан татахгүй бол Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барина. Шаардлагатай бол 32 гишүүний гарын үсгийг бүрдүүлж, энэ долоо хоногтоо багтаан өргөн барихад бэлэн байна.
Мөн сайд нараас та бүхэн асуух хэрэгтэй. “Дэд сайдгүй бол ажлаа хийж амжихгүй байна” гэж хэлж байгаа бол тэр сайд ажлаа өгөх ёстой. Ачааллаа даахгүй байна гэвэл хариуцлагаа хүлээх ёстой. Саяхан тангараг өргөхдөө сайхан үг ярьсан сайд нар бодит ажил дээр хариуцлагаа харуулах ёстой” гэв.






