
2025 оны эхний 10 сард БНСУ 137 сая ам.долларын кимчи экспортолж, зөвхөн БНХАУ-аас 159 сая ам.долларын кимчи импортолжээ. Өмнөд солонгосчууд экспортолсноосоо их кимчиг импортолж, Хятадын хямд үнэтэй кимчи БНСУ-ын дотоодын зах зээлд ноёрхлоо тогтоож эхэлжээ.
Инчонд кимчиний үйлдвэртэй Ким Чиёний хэлснээр зоогийн газрууд дотоодын үйлдвэрийн кимчинээс импортын хямд кимчиг илүүд үзэх болжээ. Өмнөд солонгосчуудын бүх хоол хүнстэйгээ хамт хэрэглэдэг халуун ногоотой исгэсэн ногоо буюу кимчи нь Солонгосын хойгийн хоолны соёлын тулгын чулуу, нэрийн хуудас юм.
Гэтэл өнөөдөр Солонгост зоогийн газрууд Хятадаас орж ирсэн кимчиг 1кг-ийг 1700 воноор, дотоодын үйлдвэрийн кимчиг хоёр дахин өндөр үнээр буюу 1кг-ийг 3600 воноор борлуулах болжээ. Цагаан манжин, өргөст хэмх, ногоон сонгино, байцай зэрэг хүнсний ногоог чили нунтаг, саримс, цагаан гаа зэргээр амталж, исгэж хийсэн 150 гаруй төрлийн кимчи байдаг ба кимчиг исгэх явцад хүний эрүүл мэндэд тустай бактериуд үүсдэг талаар олон баримт судалгаа байдаг аж. Монголчууд намар өвлийн идшээ бэлддэгтэй адил Солонгосын айл өрхүүд жил бүр өвөл идэх кимчигээ олуулаа цуглан их хэмжээгээр бэлддэг уламжлалтай бөгөөд энэхүү уламжлал нь ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд хүртэл багтжээ.
Тэгвэл 2000 оноос хойш ганц гишүүнтэй айл өрхүүдийн тоо 3 дахин нэмэгдсэнээс болж гэртээ кимчигээ хийж бэлддэг айлуудын тоо ч цөөрчээ. Гэртээ кимчи бэлдэхийн оронд иргэд дэлгүүр эсвэл зоогийн газраас бэлэн кимчи авч идэх нь нэмэгдсэн байна. Үүний үр дүнд кимчиний хэрэглээ буурч, дэлгүүрийн бэлэн кимчиний эрэлт нэмэгдэж, дотоодын кимчи үйлдвэрлэгчдийн орлого зоогийн газрууд болон бөөний худалдаачдын худалдан авалтаас өндөр хамааралтай болжээ.
БНСУ-ын кимчи үйлдвэрлэгчдийн 3/4-ыг 4 ба түүнээс цөөн ажилтантай жижиг үйлдвэрүүд эзлэх ба тэдгээрийн дийлэнх нь Хятадын том том үйлдвэрүүдтэй өрсөлдөх нөөц боломжгүй билээ. Үүн дээр уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө нэмэгдэж, нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа ба хамгийн өндөр хэрэглээтэй байцайны кимчиг хийхэд ашиглагддаг байцайны ургац жил ирэх тусам муудсаар байгаа аж. Кимчи бэлтгэх улирлаар байцайны бөөний үнэ өмнөх жилийнхээсээ нэмэгдсэн байх нь энгийн үзэгдэл болжээ.






