
БАТМӨНХИЙН БОЛД
(1963-2025)
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн ахмад ажилтан, Монголын сэтгүүл зүйн нэгэн тод төлөөлөл сэтгүүлч Батмөнхийн Болд 2025 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгслөө.
Батмөнхийн Болд нь 1963 онд Улаанбаатар хотод төрж, бага дунд сургуульд суралцаж, 1982-1989 онд тухайн үеийн ЗХУ-ын Свердловск хотын Уралын Их Сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн юм.
Тэрээр ажил хөдөлмөрийн гараагаа 1990 онд Монголын радиогийн сурвалжлагчаар эхэлж, “Засгийн газрын мэдээ”, “Зууны мэдээ”, “Өдрийн сонин”-ны сурвалжлагч, тоймч, редактор, албаны дарга, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх “Бизнес таймс” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга, Эрхлэгч, “Зохиомж” дээд сургуулийн багшаар ажиллаж, улс төр, эдийн засаг, байгаль орчны сэдвээр мэргэшсэн сэтгүүлч байв.
Улмаар 2018 оноос Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Дотоод мэдээний албанд эдийн засгийн сурвалжлагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан МОНЦАМЭ агентлагийн ахмад сэтгүүлч байлаа.
Б.Болд нь хэвлэл мэдээллийн салбарт нэгэн насныхаа хөдөлмөрийг зориулсан, мэргэжилдээ чин сэтгэлээсээ хайртай, сэтгүүл зүйн үе үеийнхний хүндэтгэлийг хүлээсэн сэтгүүлч байсан бөгөөд Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн 2005 оны “Шилдэг сэтгүүлч”, МҮХАҮТ-ын “Эдийн засгийн оны шилдэг энтрепренер сэтгүүлч”-аар тодорч, Ган үзэгтэн, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Санхүү, банкны тэргүүний ажилтан шагналаар шагнуулж, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон зэрэг төрийн дээд одон, медаль хүртэж, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн юм.
Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клубыг үүсгэн байгуулалцсан тэрээр клубын үйл ажиллагааг бэхжүүлэхэд өөрийн ажил хөдөлмөр, цаг хугацаагаа харамгүй зориулж ирсэн идэвхтэй гишүүн байсан төдийгүй сүүлийн нэг жилийн орчмын хугацаанд www.mongold.mn цахим хуудсыг ажиллуулж байлаа.
Б.Болдын эгэл даруухан, хүнлэг нөхөрсөг, бүтээлч хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь МОНЦАМЭ-гийнхэн бид бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, журмын нөхөд, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье.
МОНЦАМЭ АГЕНТЛАГИЙН ХАМТ ОЛОН
АХМАДЫН ЗӨВЛӨЛ






