
Их Британийн хүний эрхийг хамгаалах Reprieve ашгийн бус байгууллагын судалгаагаар Саудын Арабын Хант улс 2025 онд багадаа 347 хүнийг цаазаар авч, өөрийн улсын рекордыг эвджээ. Жилийн өмнө Рияд 345 хүнийг цаазаар авч мөн л рекорд тогтоож байсан юм. Reprieve байгууллага Саудын Араб дахь хүний эрхийн зөрчлүүдийг хянаж, бүртгэж эхэлснээс хойш 2025 он гарцаагүй Саудын Арабын “хамгийн их цус урсгасан” жил болсныг онцолжээ.
Хамгийн сүүлд Рияд хар тамхины хэрэгт холбогдсон Пакистаны хоёр иргэнийг цаазалсан байна. Түүнчлэн энэ онд Рияд терроризмын болон эх орноосоо урвасан хэргээр нэг сэтгүүлчийг, эсэргүүцлийн жагсаал цуглаанд оролцсон хэргээр насанд хүрээгүй байхдаа баригдсан хоёр залууг, мөн нийт 5 эмэгтэйг цаазаар авчээ.
Reprieve байгууллага цаазаар авхуулсан нийт иргэдийн 2/3 нь буюу дийлэнх нь хар тамхины хэргээр ял авсан байсныг тогтоогоод байгаа ба НҮБ үйлдсэн хэргийнх нь үр дүнд хүний амь хохироогүй бол тухайн гэмт хэрэгт цаазаар авах ял оноох нь олон улсын норм, стандартад нийцэхгүй гэдгийг онцолжээ.
Цаазаар авхуулсан нийт иргэдийн талаас илүү хувь нь гадаадын иргэд байсан ба цаазын ял авсан хүмүүсийн ар гэрийнхэнд цаазын ялыг гүйцэлдүүлэх өдрийг урьдчилж мэдэгддэггүй, цогцсыг нь ч өгдөггүй аж. Түүнчлэн Саудын Арабын эрх баригчид цаазын ялыг ямар байдлаар гүйцэтгэдгээ нууцалдаг ч толгойг нь цавчиж эсвэл буудан хөнөөх аргуудыг хэрэглэдэг байж болзошгүй аж. 2022 оны сүүлээс эхлэн Саудын Арабд хар тамхины хэргээр цаазын ял оноох явдал нэмэгдсэн аж.
Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман албан бусаар Саудын Арабын удирдагч болсныхоо дараа аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, шашны хэв журмыг сахиулагч цагдаа нарыг гудамжинд зогсохыг болиулж, эмэгтэйчүүдэд тээврийн хэрэгсэл жолоодохыг зөвшөөрч, олон тооны дэвшилтэт шийдвэрүүдийг гаргажээ.
Нөгөө талаар хүний эрхийн төлөөх байгууллагууд болон олон улсын ажиглагчид Мохаммед бин Салман төрийн эрхэнд гарснаасаа хойш иргэдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг улам бүр хязгаарлах болсныг онцолж байна. Human Rights Watch байгууллагын мэдээлснээр Саудын Арабд хүний эрхийн ноцтой зөрчлүүд гарсан хэвээр байгаа ба цаазын ялын тоогоороо Саудын Араб сүүлийн жилүүдэд БНХАУ болон Иран зэрэг улсын араас бичигдэх болсон аж.






