
Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэм Ерөнхийлөгч Доналд Трампын тушаалаар Вашингтон DV1 хөтөлбөр буюу бусад орны иргэдэд АНУ-д ажиллаж амьдрах боломжийг олгодог Ногоон картын сугалааг зогсоож байгааг мэдэгджээ.
Түүний мэдэгдсэнээр долоо хоногийн өмнө Брауны их сургуульд халдаж, 2 хүний аминд хүрсэн этгээд нь 2017 онд АНУ-д DV1 хөтөлбөрөөр нэвтэрч, ногоон карттай болсон нэгэн байжээ.
Олон улсад нэр нөлөөтэй Брауны их сургуулийн байранд энэ сарын 13-нд зэвсэгт этгээд халдаж, 18 ба 19 настай хоёр оюутныг буудан хөнөөсөн юм. Хэргийг үйлдсэн этгээдийг хууль сахиулагчид эрэн сурвалжилж байсан ч түүнийг өнгөрсөн баасан гарагт Нью Хэмпшир мужийн Салем хотоос нас барсан байдалтай олсон юм.
Сэжигтэн нь 48 настай, Португал улсаас гаралтай Клаудиу Мануэл Невеш Валенте болохыг тогтоогоод байгаа ба тэрээр 2000 онд Брауны их сургуульд элсэн, 3 семестр сурсныхаа дараа сургуулиасаа гарсан нэгэн байжээ. Брауны их сургуульд болсон халдлагаас гадна түүнийг энэ сарын 15-нд Массачусетсийн технологийн их сургуулийн профессор, цөмийн физикч 47 настай Нуну Лурейруг гэрт нь буудан хөнөөсөн хэрэгт сэжиглэж байгаа аж.
2017 онд Нью Йорк хотод Ташкентаас гаралтай Сайфулл Саипов ачааны машинаар гудамжинд явж байсан хүмүүсийг дайрч, 8 хүний аминд хүрч, 10 хүнийг гэмтээсэн хэргийн дараа тухайн үед Ерөнхийлөгч байсан Д.Трамп DV1 хөтөлбөрийг зогсоохыг уриалж байсан гэдгийг Кристи Ноэм мэдэгдлийнхээ үеэр онцолжээ. Учир нь хэргийг үйлдсэн этгээд нь ногоон картын сугалаагаар АНУ-д орж ирсэн нэгэн байсан аж.
NBC сувгийн мэдээлснээр 2025 онд Америкийн ногоон картыг гадаадын 131 мянган иргэн хожсон байна.
Эх сурвалж: Weduza






