
ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн хоолойг дамжуулах ажлын хэсгийн дарга Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр болон дэд дарга, Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга бөгөөд Удирдах газрын дарга В.А. Маркеловыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ОХУ-аас байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх төсөл сүүлийн үед эрчимтэй, тогтвортой хамтын ажиллагааны хэлбэрт шилжиж буйд сэтгэл хангалуун байгааг Монголын тал илэрхийллээ.




Оросын талаас уг төсөлд хамаарах татварын боломжит хөнгөлөлт, чөлөөлөлт, Монголын түншүүдийн оролцооны хэлбэр, төсөлд оруулсан хөрөнгийн өгөөж, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үндсэн зарчмууд, гурван талт уулзалт зохион байгуулах асуудал, Монгол Улсад “Газпром” НХН-ийн боловсруулсан хийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх хэтийн төлөв болон бусад холбогдох мэдээллийг танилцуулсан юм.
Уулзалт нь харилцан ойлголцлыг бэхжүүлж, цаашдын ажлуудын талаар нэгдсэн байр суурьт хүрэх чухал ач холбогдолтойг талууд онцлоод хамтын ажиллагааг эрчимжүүлэх, мэдээлэл солилцоог тогтмолжуулах замаар төслийг шат дараатай урагшлуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.







