
Тайванийн нийслэл Тайпей хотын метроны төв буудал Тайпей өртөөний ойролцоо хутгаар зэвсэглэсэн этгээд багадаа 3 хүний аминд хүрч, 9 хүнийг шархдуулжээ.
Хэрэг явдал өнгөрсөн баасан гарагт орон нутгийн цагаар 17:20 цагт буюу ачаалал ихтэй оргил цагаар гарчээ.
Тайванийн Ерөнхий сайд Чо Жунг Тайн мэдээлснээр сэжигтэн газар доорх худалдааны төвтэй холбогддог Тайпей өртөөн дээр утаат тэсрэх бөмбөг дэлбэлж, Молотовын коктейлиэр гал тавьжээ.
Тэрээр худалдааны төвөөр дамжин Тайпей өртөөнөөс 800 м зайд байрлах Жоньшян өртөө рүү зугтаж, байрлаж байсан зочид буудлынхаа өрөөнөөс хутга, тэсрэх бөмбөгнүүд авч, Жоньшян өртөөний гадна мөн л утаа тавьж, замдаа таарсан хэд хэдэн хүнийг хутгалжээ.
Сэжигтэн хууль сахиулагчдаас зугтах явцдаа ойролцоох их дэлгүүрийн 6 давхраас унаж, авсан гэмтлийнхээ улмаас эмнэлэгт нас баржээ.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаагаар сэжигтэн 27 настай Чан Вэн нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан нэгэн аж.
Тайванд ийм төрлийн халдлага гарах нь ховор бөгөөд хамгийн сүүлд 2014 онд Тайпей хотын метронд зэвсэгт этгээд 4 хүний аминд хүрсэн хэрэг гарч байсан ба тухайн хэргийг үйлдсэн этгээдийг 2016 онд цаазаар авчээ.
Тайванийн Ерөнхийлөгч Уиллиам Лай хэргийг сайтар шалгаж, сэжигтэн уг хэргийг ямар шалтгаанаар үйлдсэн болохыг тогтоохыг үүрэг болгосон бол Ерөнхий сайд Чо Жунг Тай метро болон галт тэрэгний буудлууд, нисэх онгоцны буудлуудын аюулгүй байдал, хамгаалалтыг нэмэгдүүлэхийг үүрэг болгожээ.
Эх сурвалж: BBC






