
Монгол Улсын ирээдүй, хойч үе бол хүүхэд багачууд, залуучууд. Тэр дундаа улсынхаа нэр төрийг өндөрт өргөж, тив, дэлхийн тавцанд дуурсгаж яваа спортынхны амжилт, ялалтыг “Оргилд хүрэх зам” нэвтрүүлэг онцолдог.
“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар холимог тулааны спортын ертөнцөөр та бүхнийг аялуулах болно.
Зочин маань холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, 2025 оны залуучуудын дэлхийн аварга, “One team” клубын тамирчин Б.Алтанчимэг. Түүний хувьд таеквондогоор анхлан хичээллэж, жюү жицүгээр барилдааны сууриа тавьж, сүүлийн 1 жил холимог тулаанаар тууштай хичээллэж байгаа нэгэн.
2025 онд Б.Алтанчимэг холимог тулааны залуучуудын Дэлхийн аварга цолтон болсон билээ.

-Сайн байна уу? 2025 оны хувьд амжилтаар дүүрэн жил байлаа?
-Сайн байна уу. Өнгөрсөн жил ДАШТ-д оролцож, хүрэл медаль хүртсэн. Энэ жил алдаан дээрээ ажиллаад, илүү туршлагатайгаар оролцсон. Аварга болно гэсэн зорилгодоо 2025 онд хүрч чадсандаа баяртай байна.
Энэ оны ДАШТ дээр илүү тактик дээрээ маш сайн ажилласан. Өрсөлдөгчөө ч сайн судалсан л даа.
-Холимог тулаан бол барилдаан бас тулаандаа ч сайн байх хэрэгтэй. Нэгдмэл цогц байдлаар бэлтгэсэн тамирчин л ялалтанд хүрэх боловуу?
Яг тийм. Тамирчин хүн энэ тактик дээрээ ингэж ажиллана, тэгэж тулалдан гээд л яг тэр төлөвлөгөөний дагуу тоглолтоо хийсэн. Холимог тулаан бол яг нэр шигээ гоё байдаг. Яг л нэг зүйлд баригдахгүй, жишээлбэл манай бокс гэхэд өшиглөхгүй шүү дээ. Тэгвэл холимог тулаан цохино, өшиглөнө, барилдана гээд л юунд ч баригддаггүй, тэр нь их гоё санагддаг.
-Багадаа ямар хүүхэд байв? Хамгийн анхны тэмцээн, урлагийн наадам нь юу байсан бэ?
-Багынхаа дурсамжийг нэг их сайн санадаггүй.(инээв) Харин хамгийн анхны тэмцээн 2 дугаар ангидаа гүйлтийн спартакиадад оролцож байсан. Тэр медаль миний хамгийн анхны медаль байсан байх аа.
-Ээж нь цаг ямагт дэмжигч, зөвлөгч, сайн найз нь байх?
-Манай ээж миний үнэхээр сайн дэмжигч. Тамирчин хүний ар гэрийнхэн маш сайн дэмжигч байж бидний амжилтад хүртэл маш сайнаар нөлөөлдөг, санаа зовох зүйл байхгүй.
Гэртээ оройны бэлтгэлээ дуусгаад харихаар бүх зүйл гоё бэлэн байдаг. Тэгээд л баярлалаа ээж ээ, баярлалаа гээд л ээждээ хэлдэг. Өглөө гэрээс гарахдаа хацраа өгөөд л үнсүүлээд л гарна. Тэгэхээр яг тэр өдрийн ажил маш гоё бүтчихсэн юм шиг санагдаад л улам эрч хүчээр цэнэглэгддэг дээ.
-Анх ээж нь эмэгтэй хүүхэд холимог тулааны спортоор хичээллэхийг сонсоод дэмжив үү?
-Анх би ээждээ тулааны спортоор хичээллэж байгаагаа огт хэлээгүй. Давтлаганд явж байгаа гэж л хэлээд байсан. Бээлийгээ хүртэл нуучихсан байсан.(инээв)
Тэр үед “Ихэр бээлий” клубт Ганзориг багш дээрээ бэлтгэл хийдэг байлаа. Бүтэн хоёр сар боксын клубтээ бэлтгэл хийсний дараа миний боксын бээлий ил гараад ирсэн. Ээж хараад л юм хэлээгүй, бага багаар хүлээн зөвшөөрөөд би өөрөө дуртай болохоор зөрүүдэлсээр байгаад бэлтгэлдээ ирээд л байсан. Ингээд тэмцээн уралдаанд ороод л жижиг жижиг амжилт гаргаад ирэнгүүт нь ээж дэмжээд л, зөвшөөрөөд л надад маш сайн итгэдэг. Тэр итгэлийг нь алдаж үзээгүй, үнэхээр бүх зүйлд маань итгэдэг. Миний охин буруу замаар явчихна гэж ээж маань санаа зовохгүй. Би үнэхээр л гэрээс гарсан бол орой ирсэн ч би бэлтгэлээ хийгээд л гэртээ харьсан байдаг.
Одоо өөрөөрөө бахархдаг нэг зүйл нь тэмцээн уралдаанд орох ч юм уу, ээжээсээ тийм юм хэрэгтэй, надад мөнгө, бас тийм юм гэж илүү, дутуу зүйл нэхдэггүй. Тийм болохоор ээжид маань ч гэсэн бас амар байдаг байх гэж боддог.


-Монголчууд холимог тулааныг эерэгээр зөв ойлгоод, өмнөх жилүүдээс харьцангуй таньж мэддэг болжээ. Ингэж олон нийтийн ойлголтыг зөвөөр өөрчлөхөд Тамирчин та бүхний амжилт, ялалт маш их чухал нөлөө үзүүлсэн нь дамжиггүй?
-Монголын маань ард түмэн илүү их холимог, тулааныг ойлгодог, мэддэг болсон. Өмнө нь хүмүүс олимпын төрлийн спортуудыг илүү мэддэг байсан болов уу. Одоо холимог тулааны спортоор сонирхогчоор нь хүртэл хүүхдүүдээ бага насаас нь хичээллүүлэхэд аюулгүй юм байна, ирээдүйтэй юм байна гэдгийг маш сайн мэддэг болсонд баяртай байгаа.
Дүү нар маань хүртэл Азийн наадамдаа яваад амжилттай оролцоод ирсэн. Тэгээд мэргэжлийн тулаанаар ах нар маань хүртэл маш сайхан тулалдаад амжилт дүүрэн ирж байгаа.
-Нээрээ Б.Алтанчимэг энэ жил “Бөртэ чоно-2025” спортын оны шилдгийг тодруулах ёслолын “Шилдэг залуу тамирчин” номинацид нэр дэвшсэн. Энэ бол тамирчин хүнийг илүү хурцалж өгсөн, урам өгч буй нэгэн түлхэц байх?
-“Бөртэ чоно”-д нэр дэвших нь миний хувьд нэр төрийн хэрэг. Маш сайхан байсан. Том том нэр хүндтэй тамирчидтай нэгэн оройг хамтдаа өнгөрүүлж, тийм гоё энергитэй газраас бөөн эрч хүч, энериги аваад л ирэх 2026 ондоо үзүүлээд өгнө өө гэж бодсон доо.


-Анх холимог тулаанаар хичээллэхээс өмнө таеквондогоор сууриа тавьж байсан гэж сонссон. Ер нь эмэгтэй тамирчинд ахдах холимог тулааныг хэрхэн яагаад сонгох болов?
-Би олон гоё багштай хүн. Бас азтай. Анх таеквондогоор хичээллээд, тэмцээнд оролцож эхэлсэн. Багш дасгалжуулагчаар Д.Аюурзана гэж бий. Дараа нь BJJ академи дээр анхны дэлхийн аварга болсон багш Б.Буяндэлгэр гээд сайхан эмэгтэй бий. Энэ багш дээрээ жюү жицүгээр хичээллэсэн. Боксоор “Ихэр бээлий” клуб дээр хичээллэж байгаад, холимог тулааны “One team” клубт зорин ирж Ш.Ганбаатар багшийн шавиар орсон. Одоо ч өмнөх суурийг маань тавьж өгсөн багш нартайгаа холбоотой байдаг.
Ингээд л миний байх ёстой, зогсох газар бол энэ холимог тулаан байсан даа. Би өөрийнхөө мөрөөдөл, хүсэл зорилгоо энд л олж авсан. Маш их баяртай байгаа. Энэ зааландаа ирээд бэлтгэл хийх, тэр орчин нөхцөл, багш нарын заах арга барил маш гоё. Цаанаасаа л маш их татаж, сэтгэл ханамж, урам зоригийг өгдөг.
-2026 он гаргаад хамгийн эхний хүлээж буй тэмцээнийх нь талаар сонирхоё?
-Одоо он гараад Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор урд хөршийг зорино. Энэ тэмцээн бол 2026 оны 9 сард Японд болох Азийн наадмын эрхээ авах тийм чухал тэмцээн.


-Анх холимог тулааны спорт өлгийдөж авсан багшийнх нь хэлж ярьж, зөвлөсөн үгс юу байв?
-Энэ клуб дээрээ ирэхэд Ш.Ганбаатар багш их гоё хүлээж авсан. Миний охин хоёулаа ингээд гоё хичээнэ, цаашдаа яг зодолдно л гэдэг байсан байхгүй юу. Тэгээд би яг тэр үед нь ММА гэж сайн мэдэхгүй. За, багш аа гээд л инээгээд л бэлтгэлдээ явдаг байсан.
Ингээд 2023 онд анхны мэргэжлийн боксын нэг тулаанд оролцоод, нэг ялалттай үзүүлэлт аан, ММА гэж ийм байдаг юм байна. Үнэхээр ямар гоё юм бэ, ер нь л энэ зүйлийг барьж авъя сонгон, тууштай хичээллэх болсон доо.
-Монгол Улсынхаа төрийн далбааг зүрхэндээ залчихаад л, хилийн дээс алхлаа. Үүнтэй зэрэгцэн ард түмнээ хамт тээж явж байгаа гэсэн үг. Медалийн тавцанд зогсох тэр мэдрэмж үгээр илэрхийлбэл?
-“Баатарлаг” гэх юмуу, маш гоё санагддаг. Чадчихлаа, одоо ингээд нэг их гоё санаа амармаар бодогддог. Гэхдээ тамирчин хүний амжилт, ялалт бол дандаа “Багийн ажил” байдаг. Миний ард бүтэн баг бий. Ялагдсан ч тосоод авдаг, урам дэм өгдөг миний эргэн тойрны хүрээлэл маш гоё.
Ер нь тэгээд гадаадад явсан ч аль болох Монголиа гэсэн бүх зүйлээ харуулахыг хичээдэг. Миний цүнхэн дээр далбаа байна уу, өмссөн хувцсан дээр Монголиа гэдэг бичиг байна уу гээд л.
Манай улсын монгол тамирчид их гоё ухаалаг. Гадны оронд явж байхдаа хоол идсэн ч бид нар чинь цаанаасаа л өөрсдөө аяга тавгаа хүртэл цэгцлээд байдаг шүү дээ. Тэгээд явангуут гадаадууд чинь гайхаад л ваав Монголиа гээд л хэлэхээр бид маш гоё мэдрэмж авдаг.
-Тэмцээнд амжилт, ялалтаар дүүрэн оролцоод ирлээ. Хамгийн түрүүнд нисэх буудал дээр эжий нь тосоход бодол дотор төрж буй сэтгэгдэл бас мэдрэмжээ хуваалцана уу?
-Яг тэр мэдрэмж хөөрхөн шүү дээ. Маш хөөрхөн. Ямар азаар ээж минь надтай хамт байгаа юм. Тэгээд л хүний амьдрал чинь ямар ч тааварлашгүй учраас хэзээ мөдгүй энэ хүн хорвоо дэлхийд байхгүй болчихвол яанаа л гэж боддог.
Тэгтэл ингээд л ээж минь миний дэргэд байгаад л, намайг дэмжиж байгаа нь гоё, тийм аз жаргалтай мөч.
-Тамирчны сахилга бат, хариуцлага, цаашлаад олон нийтийн дунд биеэ хэрхэн авч явах ёсзүй ямар байх ёстой вэ?
-Амжилтаа дагаад тэр хүний нэр хүнд нь хамт явдаг юм байналээ. Тиймээс гоё нэрээ цуурайтуулж, Төрийн далбаагаа мандуулсан гэдэг нь яг тамирчин хүний доторх нэг тийм хөөрхөн хүсэл омогшил нь давхар явж байдаг гэж боддог. Ер нь саяны дэлхийн аваргын дараа
Монголд намайг өргөөд л байна, магтчихсан байхад нь би нэмээд өөрийгөө дөвлийгөөд л, эндээ буцаж ирчихээд магтаад л, онгироод байх нь зохисгүй санагдаад хэвлэл мэдээллийн зарим байгууллагад ярилцлага авах санал тавихад нь уучлаарай, баярлалаа гээд бүгд рүү нь хариулт өгсөн.
Тэгтэл дараа нь өө, бид нар л Алтанчимэгийг хэн ч биш байхад нь гаргаад ирсэн. Тэгсэн чинь Алтанчимэг бид нарыг тоохгүй байна. Ганц медаль авчхаад, өөрийгөө их юманд саналаа гэх мэтээр хэлж, ярьж, элдэв үгээр доромжилсон чат, мсж хүртэл ирдэг. Багш аа намайг ингэчихжээ яах вэ гээд асуудаг. Багш зүгээр ээ, хая, орхичих, миний охин сэтгэл зүйгээ л тайван байлга. Багш нь зохицуулна, асуудлыг цэгцэлнэ гэж хэлдэг.
Гэхдээ яахав дээ, ойлгох нэг нь ойлгоно биз. Зарим хүмүүс хичнээн өөрийгөө өмгөөлөөд ярьсан ч, ярьмаар байгаа ч ойлгохгүй юм байна. Тэгээд тэр хүмүүстэй маргалдах нь ч хаашаа юм, эсвэл тийм зүйлд эрч хүчээ зарцуулаад яах вэ дээ гэж бодоод орхисон.


-Б.Алтанчимэг чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? Спортоос гадна өөр сонирхол хобби бий юу?
-Би чөлөөт цагаараа зураг зурдаг, шүлэг бичдэг. 2022-2023 онуудад нэлээд хэдэн шүлэг тэрлэсэн. Тэр дундаас 2023 онд зохиож бичсэн “Би тамирчин” гээд шүлэг бий. Тэр шүлэгнээсээ сонирхуулая.
- Айлын хүүхдүүд хичээлээ тараад тоглоно
- Аварга болно гээд би бэлтгэлийн заал руу явна
- Найз нөхөд хамт бай гэнэ
- Найз нь завгүй ээ, бэлтгэлтэй гэнэ
- Зарим хүмүүс үглэнэ, цагаа дэмий үрлээ гэнэ
- Заяа тавилан минь өөрөө замыг минь засаа байлгүй дээ.
Спорт гэх гэр бүлд нэгдээд сайн сайхан яваа. Би чинь тив, дэлхийн аварга болно гээд дотроо их бодож, зорьж байсан. За тэгээд л энэ шүлэг маань үргэлжилж байгаад л хамгийн сүүлд нь аварга болсноор, медалийн тавцанд зогсож буйгаар, Төрийн далбаагаа мандуулаад, төрийн дууллаа эгшиглүүлж байгаагаар төсөөлөөд боддог. Яг л энэ бодол хүслээр амжилт, ялалтаа дуурсгадаг даа.
-“Хүрэл тулга” шүлгийн наадамд ямар амжилттай оролцож байв?
-Багадаа тэр шүлгийн наадамд байнга оролцдог байсан. Дандаа л алтан медаль авч байсан даа.
-“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч, энгийн ярила өрнүүлсэн зочиндоо талархлаа. 2026 онд болох Ази тивийн АШТ болон Азийн наадамдаа өндөр амжилттай гоё мэдээтэйгээр эргэн уулзахын ерөөл өргөе.
-Маш их баярлалаа. Энэ гоё нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан танай сайтын хамт олонд маш их талархлаа. Эцэст нь спортод дуртай, хайртай, үнэнч дэмжигч та бүхэндээ хандаж хэлэхэд, хүнийг хүн хувиар нь байгаагаар нь хайрлаарай. Заавал тэр хүн тамирчин гээд өдөр болгон мандах бас албагүй. Зүгээр л та бүхэнтэй адилхан хүн шүү. Яг л бусадтай адилхан амьдарч байгаа жирийн нэг хүн. Харин тэр хүн дуртай зүйлээ хийгээд, сайн сайхныг түгээгээд, үлгэрлэж явж байгаа учраас алдаа оноотой нь хамт хайрлаарай. Буруу зүйл хийлээ гээд та бүхэн маань битгий дэвслээрэй.
Тамирчин бид нар өдөр бүр хичээж байгаа, амжилтаа гаргахын тулд зүтгэж байгаа.
Өдөр бүр хичээснийхээ үр дүнд тамирчид маань сайхан тэмцээн уралдаандаа амжилттай оролцож, гоё мэдээтэй уулзана гээд бас хичээдэг учраас та бүхэн маань ч гэсэн биднийг амжилттай үед нь дэмжсэн ч, ялагдалтай тэр хэцүү байгаа үед нь ч гэсэн ойлгоорой гэж хэлэхийг хүсэж байна.
Ярилцсанд баярлалаа.


“Оргилд хүрэх зам” нэвтрүүлэг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






