
УИХ-ын чуулганы /2025.12.19/-ний өдөр Түр хорооны тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төслийг танилцууллаа.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
Хянан шалгах түр хороо байгуулах гарын үсэг зурсан гишүүний нэг нь би өөрөө байгаа юм. Хянан шалгах түр хорооны сонсгол зохион байгуулж байгаа үйл ажиллагааг бүтэн 3 өдөр нэлээн няхуур, харж телевизээр харж суусан. Болж буй процесстой холбогдуулаад үнэхээр үг хэлмээр санагдаад байсан. Нэг, бид жоохон зоригтой алхах ёстой байсан юм байна. Дэлхий нийтээрээ парламент энгийн хяналтаар шалгаж чадахгүй зүйлийг шалгахын тулд Мөрдөн шалгах түр хороо байгуулдаг. Бид мөрдөн шалгах гэдэг үгнээс тойрч зугтаагаад, хянан шалгах гэдэг үг хэрэглэчихсэн. Мөрдөн шалгах гэдэг агуулга нь юуг илэрхийлдэг вэ гэхээр мэдээлэл гаргаж өгөхгүй байгаа байгууллагуудад нэвтэрч ордог.
Тусдаа парламентын прокурор буюу парламентын бие даасан шинжээч гэдэг албан тушаалтныг томилж байгаад тэр мэдээллүүдийг парламент өөрөө авдаг. Хоёр, хэрвээ тэр мэдээллүүд нууцтай холбоотой ч юм уу эс үгүй бол хаалттай байгаа бол парламент өөрөө нууцаас гарах эрхтэй байдаг. Гурав, Хэрвээ нууцаас гарах, нууцад байх шаардлагатай мэдээлэл байгаа бол хаалттай хуралдаж байгаад, бүрэн дүүрэн мэдээлэл авч ,дүгнэлт мэдээллээ боловсруулдаг. Бид хянан шийдвэрлэх гэдэг нэрийг хэрэглэчихсэн учраас парламентын ерөнхий хяналтаасаа ерөөсөө ялгарсангүй. Нууцад авсан, өгөхгүй байгаа мэдээллүүдийг нэвтэрч авч чадсангүй. Нууцад байгаа мэдээллүүдээ хаалттай юм уу, эс үгүй бол нээлттэй болгож байгаад сонсголоор авч чадсангүй. Зөвхөн нэг хэсгээр нь ил байгаа мэдээлэл дээр сонсгол хийлээ.
Оюутолгойн сонсгол дээр хаалттай сонсоогүй мэдээлэл чинь парламент руу орж ирэх юм уу? Энэ 126 гишүүн мэдээллээр хангагдах уу? Гишүүд бүрэн мэдээлэлтэй шийдвэр гаргаж чадах уу гэдэг дээр эргэлзээ төрсөн. Нууц байгаа материалуудыг ил болгох эрхгүй парламент гэж байхгүй шүү.






