
“Хөлийг минь хучиж, толгойг минь түших хүү шүү дээ. Надад ачийн минь зулайг ч үнэрлүүлж амжаагүй…”
Үрсийнхээ дэргэд нулимсаа нууж, үүдэн хоймрын зайнд санаа алдан, үүр шөнийн заагаар сэрвэлзэн, сүүмэлзэн суух энэ эмэгтэйг Д.Цэцэгмаа гэдэг. Гашуун яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт залгиж байсан нулимсаа зүрхэн нуурын ус мэт мэлтэлзүүлэн байж сэтгэлээ дэлгэн ярилаа. Түүний ярианы цаана эх хүний тэсвэр, айдас, итгэл гурав зэрэгцэн оршиж байв.

Хүн бүрийн амьдрал өөр, өөрийн өнгөтэй. Харин түүний өнгө…
Тэрбээр залуугаасаа өрх толгойлж, хүү охин хоёроо ганцаараа өсгөсөн нэгэн. Амьдралын хүндийг дааж ирсэн ч энэ удаад түүний өмнө огт төсөөлж байгаагүй сорилт тулгарчээ. Ханиа алдахаас, өөрөө өвдөхөөс ч илүү… Үрсээ л харж, жаргаж, инээж, дуулж итгэл дүүрэн амьдардаг байсан түүний хувьд бүхий л ертөнц болсон үр нь болдогсон бол өмнөөс нь өвдөж өгмөөр хүнд өвчинтэй нүүр тулжээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхээр хүүгийнх нь арьсанд улаан тууралт гарч, гарын хэсгээр өөрчлөлт илэрсэн нь цусны шинжилгээгээр “цагаан эсийн цочмог хорт хавдар” гэсэн оношоор батлагдсан байна.
Онош сонссон мөчөөс эхлэн тэдний амьдрал минут, секундтэй уралдах болж, үрээ авч үлдэх эхийн сэтгэл эргэлзээ үгүй зориглон, байгаа бүхнээ зарж үр минь ээжтэйгээ үргэлж хамт гэх үнэнд итгэн урагшилсаар явна.




Хүүгээ эмчлэхийн тулд тэд хоёр өрөө жижиг байраа, унаж явдаг ганц машинаа зарж, “зарагдах боломжтой” бүхнээ заржээ. Өнөөдрийн байдлаар эмчилгээний зардлын тал хувийг л арай ядан бүрдүүлсэн бөгөөд эхний химийн эмчилгээнд аль хэдийн 100 гаруй сая төгрөг зарцуулаад байна. Цаашид дахин хэд хэдэн химийн эмчилгээ, улмаар чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа хүлээж буй.
“Нэг л өдөр данс улайгаад, хүүгийн минь зүүг салгах вий гэх айдас хамгийн хэцүү. Ээж хүний хувьд түүнээс илүү зовнил гэж байхгүй юм байна”
Гэсэн ч энэ бүхний дунд түүнийг нураачихалгүй барьж байгаа зүйл нь итгэл. Хүүгээ ухаантай, өөрийгөө аваад явчихдаг, ээжийгээ нэг ч удаа зовоож байгаагүй сайн хүн гэж тодорхойлно. Эмчилгээний хүнд өдрүүдэд эх нь хүүдээ хоол хийж, “энэ хоолоор минь дамжаад хүүд минь тэнхээ орох болтугай” гэж сэтгэлээ шившин суусан тухайгаа ч ярив.


Хүүгийн цөөхөн ч гэлээ чин сэтгэлийн найзууд, ах дүүс, ойр дотнынхны дэмжлэг тэднийг ганцаардаагүй гэдгийг мэдрүүлжээ. Танихгүй орчин, гадаад орны эмнэлэгт хүртэл хүүгийн найз хажууд нь байж, алхам бүрд нь тусалж явсан нь эх хүний сэтгэлийг тайтгаруулсан гэнэ.


“Би хүүтэйгээ хамт үүнтэй эвлэрсэн. Тулаад, давж гарна гэж шийдсэн. Сайн эмнэлэгт орсон, эдгэрнэ гэсэн итгэл байна. Одоо ганцхан төлбөрийн л ард яаж гарах вэ гэдэг л үлдлээ”
Энэ ярилцлага хүүд нь хожим нэг өдөр ээжийнхээ сэтгэлийг уншиж, ямар зам туулсныг нь ойлгох дурсамж болон үлдэнэ гэдэгт Д.Цэцэгмаа итгэж сууна. Тэр өдөр хүү нь эдгэрч, инээмсэглэн “Ээж минь ингэж тэмцэж байж намайг авч үлдсэн юм байна” гэдгийг харах л үлдлээ.






