
Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хороо Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын нэгдсэн тайлан, дүгнэлтийг УИХ-д албан ёсоор танилцууллаа.
Хянан шалгах түр хороо байгуулагдсанаас хойш зургаан сарын хугацаанд Оюу толгойн ордын ашиглалт, хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлуудаар нээлттэй сонсголыг амжилттай зохион байгуулж, иргэдийн мэдээлэл авах, мэдэх эрхийг эн тэргүүнд хангаж ажиллалаа. Сонсголын гол үр дүнгүүдээс дурдвал:
- Иргэд Оюу толгойн гэрээний бүтэц, ашиг хуваарилалт болон зээлийн нөхцөлүүдийн талаар системтэй, бодит мэдээлэлтэй болов.
- Энэхүү сонсгол нь ирээдүйд Оюу толгойн гэрээг сайжруулах, Монголын талын ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр олон улсын түвшинд хэлэлцээ хийхэд ашиглагдах үнэ цэнтэй нотлох баримтын бааз, стратегийн суурь болж байна.
- Иргэдийн зүгээс тус сонсголыг “үр өгөөжтэй, бодит байдлыг ил болгосон” хэмээн онцлон сайшааж байна.
УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр гишүүд Түр хорооны гаргасан дүгнэлт, тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд уг тогтоолыг батлах үйл явцыг зайлшгүй хэрэгжүүлэх ёстойг тэмдэглэв. Гэсэн хэдий ч асуудлыг Түр хороонд дахин боловсруулахаар буцаах шийдвэр гаргасан байна. Үүнд дараах хүчин зүйлүүд нөлөөлжээ:
- Нууцын зэрэглэлтэй зарим материалуудыг холбогдох байгууллагуудаас хараахан гаргаж өгөөгүй байгаа тул тэдгээрийг иж бүрнээр нь бүрдүүлж, дүгнэлтэд тусгах шаардлага үүссэн.
- УИХ-ын гишүүд нэмэлт баримт материалуудтай биечлэн танилцаж, өөрсдийн санал, хүсэлтийг тогтоолын төсөлд тусгах хэрэгцээтэй байгааг илэрхийлсэн.
Ямартай ч О.Батнайрамдалаар ахлуулсан Хянан шалгах түр хороо эцсийн тогтоолын төслийг батлуулснаар үйл ажиллагаагаа албан ёсоор дуусгавар болгож, татан буугдах юм.
Энэхүү үйл явц нь Монгол Улсын байгалийн баялгийн засаглалд шинэ жишиг тогтоож, томоохон төслүүдийн үр ашгийг олон нийтийн хяналт дор хэлэлцдэг соёлыг төлөвшүүлж байгаагаараа түүхэн ач холбогдолтой болж байгаа билээ. Эцсийн эцэст эх орон, ард түмний эрх ашиг нэн тэргүүнд байх учиртай






