
Лхагва гарагт (2025.12.17) МАН-ын Удирдах зөвлөлөөс яамдын дэд сайд нарын томилгоог танилцуулан, Засгийн газрын хуралдаанаар 16 дэд сайдыг томилсон билээ. Тодруулбал, ТӨК-иуд дахь хяналт, бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цөөлж, оронд нь дэд сайд нарыг томилж буй. Тэгвэл энэ хүрээнд УИХ дахь АН-ын бүлгээс дэд сайд нарын томилгоог эргэн харахгүй бол Засгийн газрыг “огцруулах” арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байсан.
Харин өчигдөр (2025.12.18) АН-ын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй АН-ын гишүүд Ерөнхий сайдтай уулзаж, шаардлага хүргүүлсэн. Энэ үеэр АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу дараах шаардлагыг Ерөнхий сайдад тавив.
Тэрбээр “МАН-ын кандидатуудыг бэлдэх сургалтыг санхүүжүүлэхийн тулд татвар төлөгчид амьдралаа алддаг байж л таарахгүй. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүд сөхөрч цөхөрч байна. Хүмүүс цалин урамшууллаа хасуулж айл өрхүүдийн амжиргаа доройтож байна. Ийм байхад төсөвтөө улам ачаа нэмж угаасаа хэтийдчихээд байгаа сайд дарга нарынхаа тоог 16-аар нэмж данхар бүрэлдэхүүнээ улам данхайлгаж 36 сайдтай болж байгааг л эсэргүүцэж байгаа. “Та нарын баталсан хуулийн дагуу” л гэж байналээ. 2025 оны нэгдүгээр сард баталсан хууль л даа. Түүнээс хойш 11 сар, бараг бүтэн жил дэд сайдгүй явж болоод байсан. Хууль биелүүлэх ёстой гэж үзэж байгаа бол хууль биелүүлээгүй бүтэн жил явсан хоёр Ерөнхий сайд мөн л хариуцлага хүлээх ёстой биз?
Энэ бол зүгээр шалтаг. Монгол ардын нам нэгдүгээрт, 2028 онд нэр дэвшүүлэх кандидатуудаа төсвийн мөнгөөр бэлдэж байна.
Хоёрдугаарт, Ерөнхий сайд өөрийг нь огцруулах талд гарчихаад байгаа 16 гишүүнд квот өгч бүүвэйлж байна. Тэр нь төрд одоогоор дэндүү илүүц орон тоо. Ямар ч сүрхий тайлбар хийгээд бодит үнэн нь тэр. Зарчмын шаардлага тавьж байгаа хүмүүсийг хэдүүлээ даапаалах яах вэ?
Гол нь МАН-ын кандидатуудыг бэлдэх сургалтыг санхүүжүүлэхийн тулд татвар төлөгчид амьдралаа алддаг байж л таарахгүй. Улс төрийн хожоо оноо хайсан биш насаараа дарга хийсэн хүмүүст бодит амьдрал ямар байгааг сануулж шахаж байгаа л хэрэг юм” гэв.
Видеог БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






