
М банк олон улсын төлбөрийн хамгийн аюулгүй, хурдан шийдлүүдийн нэг болох Apple Pay үйлчилгээг харилцагчдадаа албан ёсоор нэвтрүүлж буйгаа зарлалаа. Ингэснээр М банкны харилцагчид iPhone, Apple Watch зэрэг Apple төхөөрөмжөөрөө картаа биедээ авч явахгүйгээр, дэлхийн хаанаас ч хялбар, найдвартай төлбөр хийх боломжтой болж байна.
Apple Pay-н нээлтийн арга хэмжээ 12-р сарын 17-нд М банкны харилцагчийн төвд болж, банк санхүүгийн салбарын төлөөллүүд оролцож үг хэллээ. Үйл ажиллагаанд Монголбанкны төлөөлөл, Mastercard болон Бонум ХХК-ийн зочид төлөөлөгчид оролцсон юм.

Нээлтийн үеэр М банкны гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн:
“Apple Pay дэлхий даяар 90 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн төлбөрийн шийдэл бөгөөд NFC уншдаг бүх ПОС дээр уншуулах боломжтой учраас хүрээмжтэй, хялбар төлбөрийн шийдэлд тооцогддог. М банкны Apple Pay-н гол онцлог Wallet extension буюу хэрэв М basic карттай бол Apple Wallet-д нь шууд М банк харагдах буюу апп руу дамжих шаардлагагүйгээр Apple Pay-д картаа холбох боломжтой.” хэмээн онцлов.

Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал төлөөлөгч Э.Анар:
“Монголын банкны салбарт Apple Pay-ийг нэвтрүүлсэн гурав дахь банк болж, олон улсын төлбөрийн шийдлийг нэвтрүүлж буйд халуун баяр хүргэе. Энэ нь дижитал төлбөрийн экосистемийг хөгжүүлэх, хэрэглэгчийн санхүүгийн соёлыг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой.” гэв.
М банкны хараат бус ТУЗ-ын гишүүн, Mastercard-н Монгол дахь ахлах зөвлөх З.Хайдар:
“Үндэсний төгрөгийн картыг Mastercard руу хөрвүүлэн Apple Pay-д холбох боломжтой болж, Tap to Pay төлбөрийн шийдлийг харилцагчдадаа нэвтрүүлсэн М банкны хамт олонд баяр хүргэе. Энэ нь Монгол хэрэглэгчдэд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн төлбөрийн туршлагыг илүү ойртуулж байна.” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


Apple Pay-н хамгийн том давуу тал бол аюулгүй байдал юм. Учир нь гүйлгээ хийх үед картын дугаар Apple-н сервер болон төхөөрөмжид хадгалагдахгүй, төлбөр хийсэн мерчантуудад дамжуулагдахгүй тул таны мэдээлэл бүрэн хамгаалагдах юм. Мөн Face ID, Touch ID эсвэл нууц үг ашиглан зөвхөн эзэмшигч баталгаажуулалт хийдэг тул хувийн мэдээлэл болон аюулгүй байдал бүрэн хангагдсан төлбөрийн шийдэл билээ.







