
Эмэгтэй хүнээс эмгэгтэй болох шахсан надад эргээд тэднийг чин сэтгэлээсээ хайрлах хүчийг өгсөн ийм нэг эрхмийг өнөөдрийн “Хөрөг” нэвтрүүлэгтээ урьж оролцууллаа.
Эмэгтэй хүн нүүрээ будах, өндөр өсгийт өмсөх, вальс эргэх, уруулаа ув улаанаар будах, даашинзныхаа хормойг дэрвүүлэн, дэрвүүлэн алхахаас эхлүүлээд маш олон тайлагдашгүй нууц үйлдлээсээ таашаал авдаг аж. Харахад, бодоход сонирхолтой энэ хүмүүс тийм эрхэмсэг төрөлтөн юм байна.
Тэр эрхэмсэг төрөлтөн дотроо хэзээ ч шантардаггүй, дайчин, зоригтой эрмэгүүд нь харин бүүр л илүү тодорч гялалздаг ажгуу. Тэгж тодорч гялалзсан нь Бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга Т.Баянжаргал.
Т.Баянжаргал тусгай хэрэгцээтэй. Нэг хөл дээрээ зогсон поз барих түүний бичлэгийг та магадгүй цахимаас үзсэн ч байж мэднэ.
Тэр хөлгүй болсон тухайгаа ярихдаа “13 насандаа хөлөө тайруулчхаад ургаж байна гэж зүүдэлдэг байлаа. Хожим эмэгтэй хүний гоо сайхныг мэдэрч өсгийтэй гутал өмсөж, вальс эргэх мөрөөдөлтэй болсон. Өсгийтэй гутал өмсөх мөрөөдөл минь дэлхийн аварга болж биелсэн” гэв.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.МӨНХ-ЭРДЭНЭ
Тэрбээр Архангай аймгийн Батцэнгэл сумын эгэл жирийн малчин айлын охин аж ээ.
-Хөлөө тайруулж байх тэр үед сэтгэл зүй маш хүнд байсан байх. Магадгүй өнөөдөр би таны тэр дурсам руу өнгийж өвтгөх вий гэж санаа зовж байна?
-Зүгээр дээ. Бүх юм ард хоцорсон шүү дээ. Тэр үеийн сэтгэл зүйг ярих юм биш. 13-хан настай өсвөр насны охин хөлөө тайруулна гэдэг маш хэцүү. Тэр үед хөл минь буцаад угаж байна гэж зүүдэлдэг байлаа. Далавчтай болж нисэж байна гэж зүүдэлнэ. Хавь ойрын хүмүүстээ муухай зан авир гаргахаас эхлүүлээд л хүндхэн цаг мөч өнгөрсөн. Тэр үед аав, ээж минь дэргэд байсан тулдаа л би давж гарсан гэж боддог юм.


ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.МӨНХ-ЭРДЭНЭ
Багадаа хөлөө хөшөөд юмнаас уначихсан юм билээ. Тэр нь даамжирч удаан явсаар нэг л өдөр тайруулах болсон нь тэр л дээ.
-Тэр нь хавдар болсон хэрэг үү?
-Тийм. Бас хавдартай хавсраад химийн тариа хүртэл хийлгэж байсан. Үс бүгдээрээ уначихсан. Хумс гарын арьс унжаад тас хар болчихсон. Маш их өвдөлт мэдрэгддэг байсан ч би давж гарсан даа баяртай байдаг.
Тийм жаахан байхдаа би өсгийтэй гутал өмсөх, вальс эргэхийг мөрөөддөг байлаа. Өндөр өсгийт өмсөх мөрөөдөл маань сая дэлхийн аваргын тайзан дээр биеллээ олсон. Вальс эргэх мөрөөдлөө биелүүлэхийн тулд хөлүүдээ бүүр их хөгжүүлэх хэрэгтэй болох байх.
-Мэдээж энэ бүхний эцэст ийм зүйл болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хамгийн чухал байсан байх?
-Тэгэлгүй яах вэ. Гэртээ хоёр жил гаруй хугацаанд хэвтсэн. Хэвтэж байх үедээ зүгээр суугаагүй. Ээжтэйгээ үнээ мал саалцахаас эхлүүлээд ажилд нь тусалж эхэлсэн.
Бас хажуугаар нь зураг зурж бүтээл хийж эхэлсэн юм. Манай гэрээр дүүрэн зураг, наамлууд болсон. Дээрээс нь ном их уншсан. Муу аав минь айл амьтнаас ном өвөртөлж ирж их уншуулсан даа. Тэр бүхэн л даван гарахад их тусалсан гэж боддог. Мэдээж хоёр жил гэртээ суухдаа ингээд л хөдөөгийн охин болох юм байхдаа гэж бодсон. Нэг өдөр аав ээж хоёртоо би сургуульд явмаар байна гэтэл маш уриалгахан хүлээж авсан даа.
Тэгээд сургуульдаа хоёр суга таягтай явж байлаа. Хүүхдүүд хараад л, сонирхоод л. Гэхдээ тэд намайг ойлгож хүлээж авч чадсан. Тусгай хэрэгцээтэй болсон хүмүүс сургуулиас хоцрох, гэртээ үргэлж суух гээд л илүү хаалттай болох тохиолдол их гардаг. Уг нь тэгж л болохгүй.
Та түрүүн хэллээ хүлээн зөвшөөрөх гэж. Тэр л хамгийн чухал. Мэдээж буцаад хөлтэй болж, ургахгүйгээс хойш гэдгээ хүлээн зөвшөөрөх нь чухал юм билээ. Нас биед хүрээд ухаараад ирсэн хойно энэ л чухал болсон.


ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.МӨНХ-ЭРДЭНЭ
Тусгай хэрэгцээтэй хүмүүс яг өөрийнхөө потенциал, хүч хэмжээг тань чадаж хөгжиж чадвал хэнээс ч дутахгүйгээр амьдрал ахуйгаа аваад явчихдаг хүмүүс. Яг тэр бэрхшээлээ даван туулж чадвал сэтгэл, оюуны хувьд илүү хүчирхэг болдог. Тиймээс би тийм хүмүүст бага ч гэсэн урам зориг болохыг хичээдэг болсон.
-Дэлхийн аваргын тайзан дээр үзүүлбэр үзүүлж байгааг тань хараад олон хүн урам зориг авсан байх аа. Би лав хувьдаа таны бичлэгийг үзээд фитнестээ өдөр алгасахгүй явдаг болсон?
-Баярлалаа. Яг тэр чинь чухал байхгүй юу. Бид бүгдээрээ л адилхан хүмүүс. Хэн нь ч дээд хүн болчхоогүй байна. Харин тусгай хэрэгцээтэй хүмүүс арай нэг өөр хэлбэр дүрстэй л болохоос адилхан л оролцоотой, ухамсартай хүмүүс байдаг. Хүмүүс хэлдэг дээ бэрхшээл гадна талд биш сэтгэхүй, тархинд байдаг юм гэж. Би түүнтэй санал нэг явдаг.


ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.МӨНХ-ЭРДЭНЭ
Мэдээж бэрхшээлүүд байна. Үгүйсгэхгүй. Тэглээ гээд зогсчхож болохгүй биз дээ.
-Бэрхшээл нь нийгмээс ирэх үү?
-Тоочоод байвал их. Жишээ нь өвөл гадуур явахад уначих гээд хэцүү. Автобус унаанд суухад гаднаасаа мэдэгддэггүй учраас хүмүүс түлхэнэ, дайрна, удаан явахаар хиймэл хөл маань холгоно, нулимс гартал өвтгөнө. Гэхдээ тэглээ гээд яах юм.
Яг үнэндээ бэрхшээлийг бий болгодог юм нь хүн өөрөө байдаг юм. Жишээ нь би дэлхийн аваргын тэмцээнд бэлдэж байхдаа Яармагаас таван шар луу бэлтгэлдээ явдаг байсан. Мэдээж олон хүнтэй автобусанд явахад түлхүүлээд унах эрсдэлтэй тул өглөө зургаан цагийн автобусанд суугаад явдаг байсан. Энэ л миний бэрхшээлээ даван туулах бас нэг алхам.
-Автобусанд суухдаа илэрхийлбэл мэдээж хүмүүс сайнаар хүлээж авах байх. Гэхдээ зарим хүмүүс хэтэрхий өрөвдөж хүлээж авдаг тохиолдол гардаг уу?
-Одоо нийгэм илүү сайхан болж байгаа. Зарим тохиолдолд л гадуурхагдсан мэдрэмж авна. Жишээ нь шоу, цэнгээний газар хөл муутай хүн явж байвал “хөлгүй юм байж гэртээ байж байхгүй. Юун наргианч юм билээ” гэж харна. Атал тэр газруудад ч гэсэн тусгай хэрэгцээтэй хүмүүс орж, гарч болно шүү дээ.
Автобусанд удаан явбал л нөгөө хиймэл хөл маань холгодгоос биш тийм хэцүү биш шүү дээ.

-Түрүүн та яриа эхлэхэд л энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхөд аав, ээж хоёр минь хажууд байсан гэж хэлсэн. Бахармаар хүмүүс байна. Тэднийхээ тухай яриач?
-Аав ээж минь Архангай аймгийн Батцэнгэл сумандаа л суугаа. Зун очно, өвөл очно. Гэрээ санахаараа л оччихдог юм. Би чинь сайн дурын, төсөл хөтөлбөрийн ажлууд хийдэг. Аймагтаа амьдарч байгаад хоёр жилийн өмнө л Улаанбаатар хотод амьдрахаар ирсэн.
Миний ээж ер зүгээр суудаггүй, тийм хөдөлмөрч хүн бий. Би ээжийгээ дуурайсан байж магадгүй.
Оюутан болоод хотод орж ирэхэд ч ээж минь л дагаад ирж байсан. Гуравдугаар курстээ ээж болж анхны үрээ тэврэхэд бас л дэргэд минь байсан. Ер нь бүхий л цаг мөчид дэргэд минь байдаг даа.
-Анхны үрээ төрөхөд ямар мэдрэмж авч байсан бэ. Хүүхэд тээхэд хэцүү байсан уу?
-Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрөлгүй яах вэ. Одоо хүү маань 21 настай. Бас нэг охинтой. Охин маань амраад хөдөө явсан. Хүүгээ тээж байхдаа эмнэлэг рүү нөхөртэйгөө хамт алхдаг байлаа. Бид хоёр замдаа хэд ч амардаг байсан юм бүү мэд ээ.
Ер нь бидний амьдрал эхлэхэд бусдын л адил хоосон эхэлж байлаа. Нөхөртэйгөө хамт хэвийн боов хүртэл хийж худалддаг байлаа.
Миний амьдрал уруудсан гэхээсээ илүү дандаа өгссөн юм билээ. Маш олон зүйлийг хийж туршиж үзсэн байна. Тэр бүхэн намайг илүү тэвчээртэй болгосноос уруудуулаагүй юм билээ. Миний мөрөөдлүүд нэг нэгээрээ биелсээр л байх болно гэдэгт би итгэдэг.
-Та одоо юу мөрөөдөж байна?
-Би вальс эргэнэ.
ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ: Н.МӨНХ-ЭРДЭНЭ
НАЙРУУЛАГЧ, ЭВЧҮҮЛЭГЧ: А.БАТБАЯР


ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.МӨНХ-ЭРДЭНЭ


ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.МӨНХ-ЭРДЭНЭ


ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.МӨНХ-ЭРДЭНЭ


ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.МӨНХ-ЭРДЭНЭ






