
Бээжин төрөлт дэмжих зорилгоор бэлгэвчний үнийг нэмжээ
Бээжин төрөлтийн тоог нэмэгдүүлэх үүднээс бэлгэвч болон жирэмснээс хамгаалах эм тариа, ерөндөг зэрэгт нэмэгдсэн өртгийн албан татвар тогтоохоор болжээ. 2024 онд БНХАУ-ын эрх баригчдын баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэ хуулийн дагуу ирэх оны 1-р сарын 1-нээс бэлгэвч болон жирэмснээс хамгаалах эм, тариа, ерөндөг зэрэгт 13 хувийн НӨАТ ноогдуулж эхлэхээр болсон байна. Эдгээр бараа бүтээгдэхүүнүүд нь 1993 онд татвараас чөлөөлөгдсөн байжээ.
НӨАТ нь Хятадын татварын нийт орлогын 40 хувийг бүрдүүлдэг аж. 30 гаруй жил “нэг хүүхэд”-ийн хатуу бодлого баримталж ирсний үр дүнд Хятадын хүн амын өсөлт сүүлийн жилүүдэд тасралтгүй буурч, ноцтой хэмжээнд хүрээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Хятадын эрх баригчид “нэг хүүхэд” бодлогыг халж, гэр бүлүүдэд дээд тал нь 3 хүүхэдтэй болохыг зөвшөөрч, зарим мужууд үр шилжүүлэн суулгах эмчилгээний төлбөрийг хөнгөлж, хүүхдийн тэтгэлэг олгож, шинээр гэр бүл болж буй хосуудад цалинтай амралт олгож эхэлсэн ч эдгээр арга хэмжээ нь бодитой үр дүнд хүрээгүй хэвээр байна.
2024 онд тус улсад 1000 эмэгтэй тутам ноогдох төрөлтийн тоо 6.77 байжээ. Үүн дээр нэмээд хүн ам нь хурдацтайгаар хөгширч байгаа нь нас баралтын тоо тасралтгүй өсөхөд нөлөөлж байгаа аж. Хятадын НӨАТ-ын шинэ хуулиар хүүхэд асаргаа болон гэрлэлттэй холбоотой үйлчилгээнүүд нь татвараас чөлөөлөгдөх аж.
Энэ онд БНХАУ-ын засгийн газар хүүхдийн тэтгэмжийн хөтөлбөрт 90 тэрбум юань төсөвлөж, 3-аас доош насны хүүхдүүдэд жил бүр 3600 юанийн тэтгэмж олгохоор болсон билээ. Тэгвэл өнгөрсөн бямба гарагт Бээжин эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өргөжүүлж, хүүхэд төрүүлэхтэй холбоотой бүх зардлыг төрөөс хариуцдаг болгохыг дэмжжээ.
Зарим мужийн удирдлагууд төрөлтийн тоог нэмэгдүүлэхийн тулд эмэгтэйчүүд рүү залгаж, сарын тэмдгийн мөчлөг, хүүхэдтэй болох төлөвлөгөөнийх нь талаар лавлаж, зарим нь эмэгтэйчүүдээс сүүлийн сарын тэмдэг ирсэн хугацаагаа мужийн захиргаанд мэдэгдэхийг шаардсан тохиолдлууд ч гарч байгаа талаар The Guardian онцолжээ.






