
Волейболын тамирчин С.Тэмүүлэн: Волейболын тамирчид импорт тоглогчоор явахаар бэлтгэж буй бол хичээл, сургууль мөн хэлний мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай байдаг
Сагсан бөмбөг мөн волейболын буюу багийн спортын тамирчдын хувьд гадагшаа импорт тоглогчоор маш их явж байгаа. Үүний залгамж халааг волейболын тамирчин С.Тэмүүлэн үргэлжлүүлсэн. Ингээд волейболын лигийн “Бүх Одод”-ын тоглолтын үеэр түүнтэй уулзан цөөн хором ярилцлаа. Мөн Үндэсний дээд лигийн тэмцээнд оролцож буй зарим тамирчдын төлөөлөлтэй уулзаж, ярилцсанаа нэгтгэн хүргэж байна.
-Миний хувьд маш гоё боломж олдоод Америкийн Эн Си Дабл Эй Ди Жин нэгдүгээр дивизинд тоглож байгаа. Монголдоо өвлийн амралтаараа түр ирээд байж байна. Тэгээд мэдээж бүх зүйл маш өөр байлаа. Эх орондоо ирээд, дээд лигээр зочилсон уур амьсгал маш гоё, онцгой байна. Америкт очоод тэс өөр ертөнц угтан авсан. Америкт волейболын тэмцээний тоглолт бол ер нь нэлээн өөр. Дүрэм нь хүртэл өөр. Ер нь бүх зүйл нь тамирчид нь өөр, систем нь өөр.
Анх тэнд очоод дасах гэж жаахан хугацаа шаардсан ч гэсэн бага багаар сайжраад ирсэн гэж өөрийгөө бодож байгаа. 2026 оны 1 дүгээр сард буцаж очоод л бэлтгэлдээ орно. Америкийн student atlethe буюу тамирчин оюутан нь шал өөр системтэй бэлтгэл сургуулилтаа хийнэ, тэмцээнд ч оролцоно. Хичээлийнхээ дүнг сайн гаргахгүй бол тэтгэлгээ алдах ч магадлалтай. Тийм учраас хичээл дээрээ ч сайн байх хэрэгтэй, бэлтгэл дээрээ ч сайн байх, тоглолт дээрээ ч сайн байх хэрэгтэй. Ер нь бол бүх цаг үедээ хичээж байх маш их шаардлагатай байдаг юм байналээ. Тэгээд 1 онцлог нь бүх зүйл маш нарийн, хуваарийн дагуу явдаг. Тэнд миний очсоноос эхлээд семестр дуусах хүртэл бүх өдөр цаанаасаа хуваарь нь тавигдчихсан, зохицуулалттай байдаг. Монголд болохоор орой 8 цагт бэлтгэлтэй гэдэг ч юмуу тийм биш. Ер нь Америкт бүх зүйл нь дандаа өглөө эрт эхэлж, яг л хуваарийн дагуу дэс дараатай, чанд явагддаг.

Америкийн Оюутны Лиг болдог. Тэр лигийн тэмцээн нь 1, 2, 3 гэсэн 3 дивизионтой, тэгээд 1 дүгээр дивизионд нь би тоглосон. Тэнд надаас гадна манай улсын Болорсүхийн Мишээл гээд дүү маань тоглодог, бас өөр нэг охин импортоор тоглодог юм байналээ.
Оюутан тамирчин байхын тулд хамгийн түрүүнд хичээлдээ сайн байх шаардлагатай. Монголоос гадны орныг энэ чиглэлээр зорих гэж байгаа бол хэлний оноо маш шаардлагатай. Тэрнээс гадна оюутны голч оноо өндөр байх шаардлагатай. Тэгж байж дараа дараагийнасуудал яригдаад, тэгээд тамирчдыг ур чадвараар нь шалгаж авдаг. Хэрвээ тэр ур чадвартаа хүрээд, хичээлдээ сайн байгаа ч шалгарах боломжтой бол Америкийн тамирчны тэтгэлэг болон бусад тэтгэлэгтэй харьцуулахад хамгийн сайн тэтгэлэг нь байдаг. Тухайлбал, байр, хоол, бусад зардал ч гэдэг юмуу эсвэл цалин зэрэг илүү боломжууд маш их байдаг.
Иймээс дараагийн импорт тоглогчийн залгамж халаа болж байгаа, болохыг ойрын зорилгодоо оруулаад, төлөвлөчихсөн байгаа тамирчин дүү нартаа хандаж хэлэхэд хичээлдээ маш сайн байж, хэлний мэдлэгээ сайтар дээшлүүлэх хэрэгтэй гэж зөвлөе.
Эцэст нь волейболын үндэсний дээд лигийн 30 жилийн ойн баярын мэндийг энэ спортын бүх хүнд хүргэе. Дээд лигийн тоглолтуудаа ирж үзээд, багаа, тамирчнаа хөгжөөн дэмжихийг нийт фанатууддаа уриалж байна.


“Минтонетт Говь” клубын тамирчин Д.Эрдэнэбулган: Энэ жил “Бүх Одод”-ын тоглолтод оролцсондоо баяртай байна
-Энэ удаагийн волейболын үндэсний дээд лигийн “Бүх Одод”-ын тоглолт ер нь өмнөх жилүүдээс илүү сонирхолтой боллоо. Гадаад тоглогчид нэлээд их байлаа. Тэгээд ялангуяа Япон тоглогчид талбай дээр их байсан учраас хамгаалалт болон пассан дээр үнэхээр супер өрсөлдөөн үзүүлээд маш сонирхолтой тоглолтууд гарлаа гэж бодож байна.
Сая манай багийн бүрэлдэхүүний хувьд ерөнхийдөө залуу тэгээд нурууны хувьд харьцангуй өндөр тамирчдаас бүрдүүлсэн байж чадлаа гэж харж байна. Ёстой гоё өрсөлдөөнийг сая “Бүх Одод”-ын тоглолтоор үзүүлж чадлаа.
“Минтонетт Говь” клубын хувьд лигийн 2 дугаар тойргийг 4 дүгээр байранд бичигдсэнээр дуусгасан байгаа. Ингээд лигийн 3 дугаар тойрог эхэлж байна. Энэ нь бидний хувьд маш чухал тойрог байгаа. Одоо 3 дугаар тойргийн 2 тоглолтоо бид нар Дарханд очиж 12 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд хийнэ. Ер нь 3 дугаар тойрог л бүх багуудын чансааг тодорхойлох бөгөөд чухал тойргийн тоглолт юм. Бид нар тэгээд эндээ бэлдээд 7 хоногийн заварсласны дараа 18-нд тухайн тойргийн эхний тоглолтоо хийх болно. Бэлтгэлээ маш сайн базааж байгаа.
Волейболын Үндэсний дээд лигийн 30 жилийн ойн мэндийг волейболын спорт сонирхогчдодоо, волейболоор хичээллэдэг бүх хүмүүстээ, тэгээд ахмад тамирчдадаа, одоо лигт оролцож байгаа тамирчид, арын албаныхан, энэ волейболын тогоонд байгаа бүх хүмүүстээ дэвшүүлж байна. Баярын мэнд хүргэе.


“Дархан Могулс” багийн тамирчин Х.Нэргүй: Бид ирэх жилээс дээд лигт илүү хүчтэй орж ирнэ гэж төлөвлөж байна
-“Дархан Могул” багийн амжилтын тухайд манай бүрэлдэхүүн өмнөх “Энагура” баг дээр түшиглээд, нэрээ солиод энэ жилийн лигт ийм нэртэйгээр оролцож байгаа. Тэгээд бараг бүрэлдэхүүний тухайд гадны орноос Тайландаас импорт хоёр тоглогч мөн Косова улсаас нэг холбон тоглогч нэгтгэсэн. 3 дугаар тойргийн тоглолт руугаа удахгүй оролцохоор бэлтгэж байна. Ер нь энэ жил дигийн өрсөлдөөн маш чанга, өрсөлдөөнтэй явагдаж байна. Багууд бүгд л түрүүлнэ гэсэн зорилготой байгаа. Энэ тохиолдолд баг болгон хичээж чармажй, тамирчин бүр хариуцлагатай тоглож байгаа. Энэ жил манай баг жаахан муу үзүүлэлттэй эхлүүлчихсэн. Дараа жилээс илүү хүчтэйгээр ирнэ гэдэгтээ итгэж, төлөвлөж байгаа.
Ярилцсанд баярлалаа.






