
Арванхоёрдугаар сар эхлэхтэй зэрэгцээд шинэ жилийн баярын уур амьсгалдаа хувь хүн, албан байгуллагууд “согтож” эхлэдэг. Үүний хажуугаар ГССҮТ-д архи хэтрүүлэн хэрэглэж улмаар гар хөлөө хөлдөөсөн иргэдийн тоо эрс нэмэгддэг. Ганцхан удаа шинэ жилийн баяр тэмдэглэх гэсэн биш насаараа “харамсалтай” үлдсэн иргэн Б.Чинзориг ийнхүү ярьж байна.
Тэрбээр “Ах нь 2017 оны өвөл ажлынхаа шинэ жилд оролцдог юм байна. Тухайн үедээ хөөрч дарвиад нэлээд уусан. Яг юу болсныг төдийлөн санадаггүй. Нэг сэрэхэд л нэг гарын маань гурван хуруу, нөгөө гарын минь хоёр хурууг хөлдөлттэй холбоотойгоор тайрах болсон байсан. Уг нь байгууллага хамт олон маань бүгд л байсан Гэхдээ тэр өдөр яагаад ч юм намайг шал согтуу орхиод явсан юм билээ. Одоо тэр байгууллагын нэрийг дурдаад яах вэ. Хүн их сонин. Намайг гараа хөлдөөж хөдөлмөрийн чадвараа алдсан дараа нөгөө хамт олноос минь хэн ч эргэж тойроогүй юм даа” хэмээн ярив.
Энэ мэтчилэн шинэ жилийн баяраар архи сонтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амь нас эрүүл мэндээрээ хохирсон өч төчнөөн тохиолдол бий. Уг нь хүний амь нас, эрүүл мэндээс чухал баяр, архи дарс гэж байхгүй. Эрүүл мэндийн төлөө, нөхөрлөлийн төлөө, сайн сайхны төлөө, аз жаргал, амжилт, бүтээлийн төлөө гэж хундага тулгах бүрт, уусангүй, намайг хүндэлсэнгүй гэж гомдож, тунирхаж, шөнө оройн цагаар нэгнийгээ хяналтгүй явуулж байгаа нь золгүй явдлаар төгсөж байна.
Харин тоо мэдээлийг ГССҮТ-өөс нарийвчлан авч үзэхэд
Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осгож яаралтай тусламж авсан тоо.
- 2020 онд 107
- 2021 онд 134
- 2022 оны зөвхөн 11 сард 96 хүн тусламж авчээ
Мөн цаашилбал манай улсад сүүлийн таван жилийн хугацаанд хийсэн судалгаагаар жилд дунджаар 952, сард 79, өдөрт хоёр хүн архины хордлогын улмаас амь насаа алддаг байна.
ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Э.Энхтайвантай ярилцлаа.
-Архи согтууруулах ундааны хэрэглээ манайд ямар нөхцөл байдалтай байгаа талаар эхлээд мэдээлэл өгөөч?
-Манай улсад импортоор оруулж ирж байгаа архи, согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүний хэмжээ сүүлийн 10 жилд тав дахин нэмэгдсэн. Дотоодын үйлдвэрлэл ч энэ хэрээр нэмэгдээд байна. ДЭМБ-аас тогтоосон стандарт байдаг. Жилд насанд хүрсэн хүний архи, согтууруулах ундааны хэрэглээ 7-8 литр байдаг тухай. Хэрэв энэ хэмжээнээс хэтэрвэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж үздэг. Гэтэл манай улсад насанд хүрсэн нэг хүнд жилд 28 литр архи, согтууруулах ундаа ногдож байна.
Бүр цаашилбал, насанд хүрэгчдийн 51 хувь нь байнга хэтрүүлэн хэрэглэдэг тоо байна. Улсын хэмжээнд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргаж, эрүүлжүүлэгдсэн хүн 2018 онд 85840, 2019 онд 111076, 2020 онд 90.360, 2021 онд 69.414, 2022 оны эхний 10 сарын байдлаар 54.901 байна л даа. Харин улсын хэмжээнд шүүхээр баривчлагдсан хүн 2018 онд 10981, 2019 онд 15296, 2020 онд 15.745, 2021 онд 15.172 байгаа юм. Тэгвэл 2022 оны эхний 10 сарын байдлаар 15.270 хүнийг шүүхээр баривчилсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.988 нэгжээр буюу 26.1 хувиар өссөн байдалтай байна.
-Архидалтаас үүдсэн гэмт хэрэг, зөрчил их байдгийг та хэллээ. Тодорхой жишээ дурдахгүй юу?
-Дээр хэлсэн шүү дээ. Гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөлийн 80-90 хувь нь архи, согтууруулах ундаанаас үүдэлтэй байдаг. Хоногт 300-500 жолооч согтуугаар машин жолоодож байгаад эрүүлжүүлэгдэж байна . Цагдаагийн байгууллагад ирж байгаа дуудлага мэдээллийн 40-50 хувийг гэр бүлийн хүчирхийллийн дуудлага эзэлдэг. Жишээ нь, олон жил уулзаагүй найзууд төрсөн өдөр тэмдэглэдэг. Олон жил уулзаагүй гэж нэгнийгээ онгироож байгаад хавтгайрсан архидалт болсон. Эцэст нь нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан. Бас согтуурсан үедээ бусдад агсам тавьж гэмтэл учруулаад эрх чөлөөгөө хасуулан торны цаана сууж байгаа тохиолдлууд ч бий.
Нэмэлт: Хэрэв та хэн нэг найзыгаа архинд уруу татаж, шахсан тохиолдолд дараах хуулийн хариуцлагыг хүлээнэ
28 дугаар зүйл.Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох
2023 оны 1 сарын 1-ээс дагаж мөрдөх хуулинд
28.1.Дараах хүн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно:
28.1.1.тээврийн хэрэгсэл жолоодож байгаа;
28.1.2.21 нас хүрээгүй;
28.1.3.жирэмсэн.
28.2.Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно.






