
Монголбанкны ерөнхийлөгчийг УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилдог. Үүний дагуу парламентаас 2019.11.22-нд томилогдсон Б.Лхагвасүрэнгийн төв банкны ерөнхийлөгчөөр ажиллах бүрэн эрхийн хугацаа 2025.11.21-нд дууссан. Түүнийг тухайн үед УИХ-ын дарга Г.Занданшатарын санал болгосноор чуулганд нэр дэвшигчийн сонсгол хийн, томилж байсан юм.
Б.Лхагвасүрэн нь Монголбанкны ерөнхийлөгчөөр зургаан жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж буй хоёр ерөнхийлөгчийн нэг бөгөөд нөгөө нь 2000-2006 онд Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан О.Чулуунбат юм.
Б.Лхагвасүрэн өнгөрсөн зургаан жилийн хугацаанд эдийн засаг нийгмийн олон шалгуур, сорилтыг төв банкыг удирдан давж гарсан бөгөөд цар тахлын жилүүд болон тззхий эдийн ханшийн уналттай сүүлийн жилүүдэд мөнгөний бодлогыг амжилттай барьж хэрэгжүүлсэн гэж дүгнэдэг.
Харин дараагийн Монголбанкны Ерөнхийлөгчид “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт нэр дэвшээд байгаа юм. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа.
Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монголбанкыг Улсын Их Хурлаас томилогдсон Ерөнхийлөгч толгойлж үйл ажиллагаагаа Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнана. Монголбанкны Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” хэмээн заасны дагуу Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд С.Наранцогтыг нэр дэвшүүлсэн юм.
Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигч үнийн өсөлтөд төвлөрч, инфляцын үр нөлөөг багасган, мөнгөний бодлогоор дамжуулан үнийн өсөлт, инфляцтай шаргуу ажиллаасай хэмээн нийгэм хүлээлттэй байна.
Харин уг хуулийн заалтын дагуу “Монголбанкыг Улсын Их Хурлаас томилогдсон Ерөнхийлөгч толгойлж, үйл ажиллагаагаа Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнана” гэсний дагуу бүрэн эрхийн хугацаа нь дууссан Б.Лхагвасүрэн тайлангаа тавих учиртай.
Угаас Төв банкны зорилго нь тогтвортой бага инфляц бөгөөд мөнгөний бодлогын хэрэгслүүдээ энэхүү зорилгод нийцүүлэн хараат бус байдлаар тодорхойлж байх шаардлагатай. Үндсэн зорилгоос бусад зүйлсийн талаар давхар амлалт, үүрэг хүлээхгүй байх нь чухал.
Гэхдээ өнөөдрийн сонсголд нэр дэвшигч С.Наранцогт нэр дэвших үндэслэлээ “Өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан Макро эдийн засаг, Төсөв санхүү, Банкны засаглал, Уул уурхайн менежментын бодит туршлага дээр суурилсан шийдэл гарган, Монголбанкийг эдийн засгийн “гал унтраагч” бус, тогтвортой хөгжлийн “тэтгэгч” болгон шинэчлэхийг зорилт болгожээ. Ингэснээр Төв банкыг Засгийн газрын касс болгохгүйгээр, харин төсвийн бодлогын алдааг засдаг, эдийн засгийн өсөлтийн зөв хөшүүрэг болдог мэргэжлийн, стратегийн түнш байх түвшинд хүргэж ажиллана” хэмээн тусгажээ.






