
Монголчууд хахир өвлөө давах гэж зүтгэхийн зэрэгцээ шатахууны хомсдол туйлдуулж байна.
Салбарын сайд, дарга нарын хэлдэг Орос-Украйны дайн, дотооддоо дайны улмаас нөөц хомсдоод, бөмбөгдөлтөд газрын тосны үйлдвэрүүд нь өртсөн гэх мэт шалтаг, шалтгаанууд өнөө улиг болж, хариу арга хэмжээ авахгүй өдгөө хүрснийг зориудынх уу гэж хардахад хүргэж байна.
Монгол Улс ОХУ-аас газрын тосны импортын 94%-ийн хамааралтай. “Хэрвээ Орос крантаа хаавал Монгол сүйрнэ” гэдэг үг тун ч үнэний ортой. 60 сая малаа муулж идээд гэртээ хэвтсэн ч шатахуун тасарчихвал наад зах нь хөлдөж үхэх эрсдэл бий. Энэ бол нэг төрлийн импортын бүтээгдэхүүнээс хэт хамааралтайн гай.
Харамсалтай нь энэ асуудлыг богино хугацаанд засах, шийдвэрлэх арга нь импортлогч компаниудад арилжааны банкуудаар дамжуулан өндөр хүүтэй зээл өгч шатахуун нөөцлөх сав, агуулах бариулах арга гэж салбарын сайд төдийгүй Засгийн газар тооцжээ.
УИХ-д 11 дүгээр сарын 25-д “Стратегийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлэн, Оюу толгойн нээлттэй сонсголтой давхцуулан өнгөрөгч баасан гарагт батлуулж авсан.
Хууль батлагдсанаар Монголбанкнаас 500 тэрбумын репо санхүүжилтийг дотоодын шатахуун импортлогч компаниудыг шатахууны нөөцлүүрийн сав барихад зориулж зээлээр олгох бөгөөд 2031 он хүртэл хэрэгжинэ.
Өөрөөр хэлбэл, шатахуун нөөцлөгч сав барихын тулд жилийн 13.5 хувийн хүүтэй зээлийг Монголбанк арилжааны банкуудаар дамжуулан өгөхөд эрсдлийн шимтгэл, банкны ашиг зэргээр эцсийн зээлийн хүү нь 18 хувь болж байгаа аж. Ийм өндөр хүүтэй зээлээр аж ахуй нэгжүүд шатахууны нөөцлүүрийн сав барих нь ямар ч ашиггүй. Салбарын сайд аж ахуй нэгжүүдийг дэмжих нэрээр ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүн экспортлогч компаниудын сонирхол, тулгалтыг хуульчлан хэрэгжүүлжээ гэх хардлага байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлэхдээ,
“УИХ–ын чуулганаар Стратегийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийг дэмжих тухай хууль эцэслэн батлагдлаа. Энэ хууль батлагдсанаар ААН–үүдэд арилжааны зарчмаар олгогдох хөнгөлөлттэй зээлийг гаргаж, Монгол Улсынхаа нэг сарын хэрэглээний нөөцийг бүрдүүлэх буюу 200 мянган тонны багтаамжийн хүчин чадалтай нефтийн бүтээгдэхүүн хадгалах савыг барих эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулж ААН–үүддээ олгох боломжтой болж байна. Мөн нөөц бүрдүүлэх савны хүчин чадлыг нэмэхийн хажуугаар дотор нь дүүргэх нефтийн бүтээгдэхүүнүүдээ урт хугацаагаар олон сараар урьдчилж захиалж, үнийг тогтвортой байлгах, хангамж нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх боломжийг бүрдүүлсэн. Хуулийг хэрэгжүүлэх чиглэлд Засгийн газрын зүгээс хичээж ажиллах болно”
Тийм ээ сайд аа, Та хэлсэн ёсоороо хуулийг хэрэгжүүлэх чиглэлд хичээж ажиллах нь тодорхой.
Гэхдээ ийм өндөр хүүтэй зээлийг таны төсөөлсөн шиг аж ахуй нэгжүүд аваад нөөцийн сав, агуулах барих нь юу л бол.
Харин хэрэгжих боломжгүй ийм хуульчилсан зохицуулалт иргэд бидний амьдралын хэрэглээ болсон автомашиндаа хийх АИ92, АИ95 бензин, дизель түлшээ тасалдалгүй авах хэрэглээнд ямар ч зохицуулалт, дэмжлэг болохгүй байна.
Өглөө үүрээр агуулахаасаа алалцаж байж Шатахуун түгээх станцууд хэдэн тонн бензинээ авч станцууддаа тараадаг. Үүнийг нь олон арван цаг очер дараалалд зогсож байж иргэд авч байна. Энэ байдал хаваржин үргэлжилсэн ч өвлийн эхэн сар дундаа орчихоод байхад ямар ч шийдэл, гарцгүй явсаар л байна.
Шатахууны хомсдолоос болж иргэд машинаа зогсоолд байршуулаад нийтийн тээврээр явж, өглөө энрт цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдээ хүргэж өгч, оройд нь авах боломж бүрдээгүй байхад шатахууны нийлүүлэлт дээрээ зохицуулалт хийж чадахгүй салбарын сайдаар бид яах юм бэ?






