
Холливүүдийн алдарт найруулагч Роб Райнерыг гэргийн Мишель Райнерын хамт хөнөөсөн хэргээр түүний хүү 32 настай Ник Райнерыг баривчилжээ.
78 настай Роб Райнер, түүний гэргий 70 настай Мишель Райнер нарыг гэртээ удаа дараа хутгалуулж, нас барсан байдалтай байхыг нь 28 настай охин Роми Райнер өнгөрсөн ням гарагт олж, цагдаад дуудлага өгчээ. Ингэхдээ Роми цагдаа нарт уг хэргийг төрсөн ах Ник нь үйлдсэн байж болзошгүйг анхааруулсан аж.
Лос Анжелес хотын цагдаагийн газар мөрдөн шалгалтын үр дүнд Роб Райнер гэргийн хамт бусдын гарт амиа алдсан болохыг, тус хэргийг төрсөн хүү Ник Райнер үйлдсэн болохыг тогтоож, түүнийг өнгөрсөн ням гарагийн орой баривчилсан тухай мэдээлжээ.
32 настай Ник Райнер нь Роб Райнер, Мишель Райнер хоёрын дунд хүү бөгөөд тэрээр олон жилийн турш хар тамхины донтолт, сэтгэцийн эмгэгтэйгээ тэмцэж буй нэгэн аж.
2016 онд People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Ник анх 15 настайдаа хар тамхины донтолттой тэмцэх, нөхөн сэргээх төвд хэвтэн эмчлүүлж, түүнээс хойш багадаа 17 удаа нөхөн сэргээх төвд хэвтсэн тухайгаа дурдаж байжээ.
Роб Райнер хүүгийнхээ хар тамхины донтолт, сэтгэцийн асуудлыг “Being Charlie” нэртэй уран сайхны кинондоо өгүүлсэн ба уг киноныхоо зохиолыг тэрээр Никийн хамт бичжээ.
Роб Райнер анх 1970-аад оны ” All in the Family” инээдмийн цуврал кинонд тоглож, кино урлагт хөл тавьсан ба тус цувралд бүтээсэн дүрээрээ Эммигийн Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг хоёр ч удаа хүртжээ.
1984 онд “This Is Spinal Tap” нэртэй уран сайхны киногоороо найруулагчийн карьераа эхлүүлж, түүнээс хойш “Stand By Me” (1986), “When Harry Met Sally” (1989), “The Princess Bride” (1987), “Misery” (1990), “A Few Good Men” (1992) зэрэг 20 гаруй киног найруулжээ.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээр Ник Райнер өнгөрсөн бямба гарагт Америкийн нэрт комедиан Конан О’Брайны зохион байгуулсан үдэшлэг дээр ээж аав хоёртойгоо муудалцаж байхыг нь олон тооны зочид харжээ.
Эх сурвалж: Reuters






