
Одоогоос 14 жилийн өмнө Монгол Улсад гэрийн үйлчлэгч хийхээр ирээд “Эрэл”-ийн Д.Эрдэнэбатын гэрт учир битүүлгээр нас барсан гэх Филиппин Улсын иргэн терилл Атиензагийн гэр бүлийн гишүүд өчигдөр Монгол Улсад ирлээ.
Том охин Риел Атиенза: “14 жилийн турш бид хоосон бас ядуу байсан. Бид 14 жил хүлээсэн, гуйсан. Хоосон орон зай руу хашгирсан. Бидэнд хэн ч байгаагүй. Хэн ч туслаагүй. Манай улс, Засгийн газар хэн ч биднийг хайхраагүй. Филиппинчүүд зөвхөн баян хүнийг л хамгаалдаг. Ядуу хүмүүсийг хэзээ ч хамгаалдаггүй. Урт хугацааны турш бид чимээгүй байсан. Мөн Монгол гэхээр надад үхлийн тухай бодогдож, маш харгис, хүйтэн мэдрэмж төрүүлдэг байсан. Өнөөдөр энэ онгоцноос буух хүртлээ би яг л адилхан зүйлийг мэдэрч байсан. Учир нь миний ээж яваад эргэж ирээгүй газарт ирж байгаа учраас маш их айсан. Гэхдээ онгоцноос буугаад Монголчуудын халуун дулаан сэтгэлийг мэдэрлээ. Бидний энд зогсож байгаа нь та нарын хүч, сайхан сэтгэлийг үр дүн гэдгийг улам ихээр мэдэрч байна. Миний хүсэл биелсэн анхны шинэ жил энэ жил байлаа. Монголчууд та бүхний дунд ээж минь байгаа юм шиг дулаахан санагдаж байна. Бас би хэзээ ч өмнө нь цас харж байгаагүй. Надад итгэмээргүй үлгэрийн юм шиг санагдаж байна. Бид нарт тусламж үзүүлсэнд биш, анхаарал хандуулсанд биш хүнлэг сэтгэл гаргасанд Монголчууддаа баярлалаа. Бид монгол гэр бүлтэй боллоо. Ээжийн минь сүнс одоо л тайван нойрсох байх. Та бүхний тус, хүнлэг сэтгэлийг бид хэзээ ч мартахгүй. Бид гэртээ, хүүхдүүддээ ирэхийг маш их хүсэж байсан ээжийнхээ яагаад ирж чадаагүй шалтгааныг хайхаар, жинхэнэ үнэнийг мэдэхийг хүсэж байна. Гэртээ ирэхийг тэгж их хүсэж, хүлээж байсан ээж минь яагаад амиа хорлоно гэж гэдгийг асуумаар байна. Миний ээжийн зүрх байгаагүй. Яасныг би асуумаар байна. Ээж минь амьд үлдэж, хүүхдүүддээ эргэж очихын тулд амиа хамгаалан тэмцсэнийг задлан шинжилгээний хариу харуулсан. Түүнийг яргалж, зүрхийг нь авч, тамхины цогоор олон түлсэн байсан гэж эмч нар хэлсэн. Миний ээжийн зүрхийг хэн авсан. Яагаад энд амьсгал хураасан бэ гэдгийг мэдэхийг хүсэж байна. Энэ боломжийг олгосон бүх монголчууддаа баярлалаа” гэв.
Нөхөр Нило Атиенза: “Бид та бүгдэд маш их баярлаж байна. Хүнлэг, халуун дулаан хүлээж авсанд талархаж байна. Би бол 4 хүүхдийнхээ ээж, ханиа алдсан хүн байна. Миний эхнэр энд ажиллах гэж ирсэн. Гэвч тэр энд ирээд амиа алдсан. Тэд бидэнд нойрсуулах эм ууж амиа хорлосон гэж хэлсэн. Би итгэхгүй байгаа. Манай гэрт амиа хорлох ямар ч асуудал үүсээгүй. Миний эхнэрт амиа хорлох шалтгаан байхгүй. Учир нь тэр гэртээ ирэхийг, хүүхдүүдтэйгээ уулзахыг маш их хүсэж байсан. Цогцсыг нь хүлээж авахад маш хүнд бэртэлтэй байсан. Зүрх нь бас бөөр нь байгаагүй. Би эндээс эхнэрийнхээ зүрхийг олох боломж олдох болов уу гэж найдаж байна. Тэгвэл миний сэтгэл амарна. Миний эхнэрийг яг амьтан шиг үзсэн. Бид харь орноос ирсэн, огт танихгүй хүмүүс ч гэлээ халуун сэтгэлээр тусалж энд авч ирсэн та бүгдэд баярлалаа. Бид энд мөнгөний төлөө ирээгүй. Шударга үнэнийг мэдэхийн тулд ирсэн. Монголын Засгийн газар хэргийг үнэн зөвөөр шийднэ гэж найдаж байна” гэлээ.









