
Өнгөрөгч 7 хоногт болсон Оюу толгойн сонсголтой зэрэгцэн хөрөнгө орууоагчтай Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэх, Онтре-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, гэрээ байгуулах зорилготой Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийнхэн Рио тинто болон Онтре гоулд ХХК-ийн удирдлагуудтай уулзалт хийж амжлаа.
УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан Оюу толгойн гэрээтэй холбоотой нотлох баримтыг нягтлан судлах сонсгол өнгөрөгч даваа гараг буюу 12 дугаар сарын 08-ны өдөр эхэлсэн.
Сонсгол эхэлсний маргааш буюу 12 сарын 09-ний өдөр Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан Ажлын хэсэг Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг эрчимжүүлэх зорилгоор “Рио тинто” группийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээг эрчимжүүлэх зорилготой байлаа.
Уулзалтын үеэр Монголын тал хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах саналаа албан ёсоор дахин уламжилж, хэлэлцээг ойрын хугацаанд үр дүнтэйгээр үргэлжлүүлэх, мөн зээлийн хүүг бууруулах чиглэлд хамтран ажиллахад талууд харилцан санал нэгдлээ.
Өнгөрсөн сард уг уулзалт эхэлсэн бөгөөд хэлэлцээг энэ ондоо багтаан эхлүүлэх нь чухал байсан юм.
Харин 12 сарын 11 буюу өнгөрөгч пүрэв гарагт Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Онтре ресурс компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Степен Скоттой уулзав.


Уулзалтын үеэр сайд Г.Дамдинням Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар хэлэлцээр хийх ажлын хэсэг байгуулагдсаныг дуулгаад Онтре компани нь Оюу толгойн бүлэг ордын зарим ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Монголын талд хүндэтгэлтэй хандаж хэлэлцээрээ нэн даруй эхлүүлэхийг санууллаа.


Мөн манай талаас:
- Тус компанийн хувьд шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийх
- РИО ТИНТО-той тохиролцсон гэх асуудалд Монголын талыг оролцуулаагүй тул манай талаас хүчин төгөлдөр гэрээ хэлэлцээр гэж үзэхгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй
- Төрийн эзэмшлийн хувийг тогтоох, шинэ хөрөнгө оруулалтын гэрээг АМНАТ-д суурилсан хэлбэрээр хийх байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Талууд Ажлын хэсэг гаргаж хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлэхээр болсон юм.
Оюу толгойн сонсголд дуудагдсан зарим гэрчүүд Засгийн газрын ажлын хэсгийн хөрөнгө оруулагч талтай хийж буй уулзалт, хэлцэл хийгдэж байгаа цаг үед сонсгол зохион байгуулж, Монголын талын барьж буй тактикаа ил тод, нээлттэй ингээд ярих нь манайд ашиггүй гэх байр суурийг хэдэнтэй хэлж байсан ч харин эсрэгээрээ хөрөнгө оруулагч талтай Монголын Засгийн газар нэг түвшинд харилцаж, 16 жил ашиг бус өр, зээлийн хүүгийн өрөнд байгаа учир шалтгаанаа ярилцан, байр сууриа хатуу баримтлах боломж боллоо.
Оюу толгойн сонсголд гэрчээр дуудагдсан ч ирэхгүй гэж мэдэгдээд байсан тухайн үеийн Ерөнхий сайд асан санжийн Баяр ирж мэдээлэл өгсөн нь анх гэрээ байгуулах үед Монгол төдийгүй дэлхий дахин эдийн засгийн хүнд сорилтын өмнө байсныг дахин сануулж, одоо харин гэрээг шинэ шатанд гарган өөрчлөх, тусгай зөвшөөрлийн талбайн маргааныг эцэслэх асуудлыг нэнэлттэй ярьж Засгийн газрын ажлын хэсэг барьцаа ахиулан атгах боломж болсон юм.
Оюу толгойн сонсгол болон Засгийн газрын Ажлын хэсгийн хэлэлцээ зүгээр нэг цаг хугацааны давхцал бус Оюу толгойн бүлэг ордоос Монгол Улс, иргэн бүр үр өгөөжийг хүртэх шинэ эхлэл болохыг харуулж байна.







