
Улаанбаатар хот, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр – Монголын Мянганы сорилтын сангийн “Усны тухай ярилцъя” сэдвээр сэтгүүлчдийн төлөөлөлтэй хийх ээлжит уулзалт 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр боллоо. Энэхүү уулзалтаар “Мянганы сорилтын корпорацын Компакт хөтөлбөрийн онцлог”, “Монголын Усны Компакт”, “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр буюу Усны Компакт мега төсөл болох нь”, “Усны Компактын сорилт, шийдэл”, “Усны Компакт ус хангамжийн салбарын засаглалын чадавхыг бэхжүүлсэн нь” сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын явц, тулгамдаж буй сорилт, бэрхшээлийн талаар нээлттэй ярилцлаа.
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК) хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд хэрэгжүүлж буй хөтөлбөрийн нийт гүйцэтгэл 2025 оны 11 дүгээр сарын байдлаар 94 хувьтай үргэлжилж байна.
Монголын Мянганы сорилтын сан нь АНУ-ын МСК-ын буцалтгүй тусламж болон Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар нийслэлчүүдийн усны хэрэглээг урт хугацаанд, тогтвортой хангах зорилгоор “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг 2026 оны 3 дугаар сарын 31-ний дотор багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тус хөтөлбөр нь Ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, Хаягдал ус дахин боловсруулах, Усны салбарын тогтвортой байдлыг хангах гэсэн харилцан уялдаа бүхий гурван цогц төсөл, үйл ажиллагаанаас бүрдэнэ.
Компакт гэрээний санхүүжилтээр Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн шинээр байгуулж буй Улаанбаатар хотын ус хангамжийн хамгийн том Баруун эх үүсвэрээс олборлох 50 хүртэл сая шоо метр усыг Сонгинохайрхан уулын зүүн бэлд барьсан Ус гүн цэвэршүүлэх дэвшилтэт технологи бүхий үйлдвэрт Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж, ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ. Тус үйлдвэрийн бүтээн байгуулалт өнөөдөр 99.5 хувьд хүрээд байгаа бөгөөд туршилт тохируулгын ажил ид үргэлжилж байна.


Мянганы сорилтын корпорацын Компакт гэрээгээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн онцлог нь зөвхөн хатуу дэд бүтэц, барилга байгууламж бариад орхих биш, тухайн дэд бүтэц урт хугацаанд үр өгөөжөө өгч, тогтвортой үйл ажиллагаа явуулах чадавх, нөхцөл бүрдсэн байхад мөн анхаарал хандуулдаг. Компактын гурав дахь буюу Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл энэ чиглэлд хэрэгжиж байна. Дээрх хоёр том бүтээн байгуулалтын үр ашгийг урт хугацаанд хадгалах, Улаанбаатар хотын ус хангамжийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн 5 дэд үйл ажиллагааны хүрээнд бодлогын чанартай 40 орчим жижиг төслийг хэрэгжүүлж байна. Усны салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүний нөөц, техникийн болон институцийн чадавхыг бэхжүүлэх, гэр хорооллын шугамд холбогдсон 180 гаруй ус түгээх байрыг 24 цагийн ажиллагаатай болгож автоматжуулах, үйлдвэрийн хаягдал усны бохирдолд хяналт тавих, бууруулах зорилгоор дэвшилтэт технологи бүхий лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон ажил хийж байна. Энэ төслийн хүрээнд мөн Монгол Улсын усны нөөц, ус ашиглалттай холбоотой бүх мэдээллийг нэг систем дээр нэгтгэж, усны нөөцөө хариуцлагатай, үр ашигтайгаар удирдах чухал суурийг тавьж өгч байгаа ewater.mn системийг хөгжүүлж байна.
Ийнхүү Усны Компактын хүрээнд дэлхийн түвшний техник, технологи Монгол Улсад анх удаа өргөн цар хүрээтэй нэвтэрч, нутагшиж байна. Энэхүү цогц хөтөлбөрийг АНУ-ын МСК-ын шалгуур, шаардлага, олон улсын стандартын дагуу, шахуу хугацаанд багтаан амжилттай хэрэгжүүлэх гол хүч болсон чадварлаг залуу инженер, мэргэжилтнүүд гүйцэтгэж байгаа нь Компакт гэрээний хэрэгжилтийн үр дүнд үлдэж буй бас нэгэн бодит өв юм.


АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Усны Компакт гэрээгээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун зүгт өргөжин тэлэх, эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.










