
2019 онд Данийн 723 сэтгэл зүйч нялх хүүхдийг уйлуулж өөрөөр нь унтуулах арга буюу “cry it out sleep training” нь эх хүүхдийн харилцаа, хүүхдийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй тул хүүхэд дээрээ туршихгүй байхыг уриалсан нээлттэй захидалд гарын үсгээ зурцгаажээ.
Тухайн үед Данийн сэтгэл судлаачдын уриалгыг олон улсын эрдэмтэн судлаачид, антропологичид болон сэтгэл судлаачид дэмжиж буйгаа илэрхийлж байжээ.
Уйлах нь нялх хүүхдийн гадаад орчинтой харилцах, хэрэгцээгээ илэрхийлэх арга юм. Нялх болон бага насны хүүхдүүд нь өөрсдийгөө тайвшруулах чадваргүй байдаг тул эцэг эхийнхээ хайр халамж, асаргаанаас хамааралтай байдаг тул хүүхдийн тухгүй байгаа мэдрэмжээ илэрхийлж буй үйлдлүүд тэр дундаа уйлахад нь аргадаж, мэдрэмжтэй хандах нь эх эцэг хүүхдийн харилцааг бэхжүүлэхэд цаашлаад хүүхэд эрүүл саруул хөгжихөд хамгийн чухал ач холбогдолтой байдаг аж.
Эцэг эх хүүхдийг нялх бага байхад нь тэвэрч, аргадаж, тайвшруулснаар хүүхэд том болоод ямарваа нэг саад бэрхшээл, хямрал, зовлон зүдгүүр, үхэл хагацал, өвчин эмгэгийг даван туулах сэтгэлийн хүчтэй болдог аж.
Тиймээс хүүхдийнхээ уйлахыг удаа дараа үл тоомсорлох нь эх хүүхдийн харилцаа, хүүхдийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэдгийг эрдэмтэн судлаачид онцолж, уйлуулж унтуулах аргыг хэрэглэхээс зайлсхийхийг уриалжээ.






