
Өнгөрсөн ням гарагт Сидней хотын Бондай наран шарлагын газарт иргэд рүү гал нээсэн хоёр этгээдийн нэг рүү нүцгэн гараараа дайрч, бууг нь булааж авч буй залуугийн бичлэг нийгмийн сүлжээнд тархаж, олны талархал, хүндэтгэлийг хүлээгээд байна.
Эр зоригтой үйлдлээрээ олон хүний амийг аварсан залуу 2 хүүхдийн аав, 43 настай Ахмед аль Ахмед гэгч болох нь тогтоогджээ. Жимсний мухлаг ажиллуулдаг Ахмед аль Ахмед халдлагын үеэр шархдаж, хагалгаанд ороод байгаа аж.
Нийгмийн сүлжээнд тархсан бичлэг дээрээс цайвар өнгийн футболка өмссөн Ахмед аль Ахмед автомашины зогсоолын дэргэд буу барьж зогссон хар футболкатай эрэгтэйг ар нуруунаас нь барьж аван, бууг нь булаан авч байгааг харж болох юм. Бичлэг дээрээс Ахмед аль Ахмед булааж авсан буугаа гэмт этгээд рүү чиглүүлж, зэвсгээ булаалгасан эр хэргийн газраас зугтаж, Ахмед аль Ахмед буугаа буулгаж, гараа өргөж байгаа нь харагдаж байна.
Нью Саут Уэльс мужийн Ерөнхий сайд Крис Миннс Ахмед аль Ахмедыг жинхэнэ баатар хэмээн тодорхойлж, түүний ачаар олон хүн амьд үлдсэн гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: Reuters






