
Гэрэл зургийн салбарын ахмад төлөөлөгч, “Гамма” агентлагийн үүсгэн байгуулагч С.Цацралттай Монголын гэрэл зураг, сэтгүүл зүйн өнөөгийн байдал, залуусын оролцоо, мэргэжлийн ёс зүйн талаар ярилцлаа. Тэр шог зураач С.Цогтбаяртай хамтран “Ардчиллыг бид хамтдаа авчирсан” нэрт үзэсгэлэн гаргаад байсан юм.
-Та ярианыхаа эхэнд залуу үед итгэх ёстой тухай онцолсон. Үүнийгээ тайлбарлахгүй юу?
-Би залуу үедээ хайртай, итгэдэг. Ардчиллыг найман настай балчираас наян настай буурай хүртэл авчирсан. Тиймээс бид энэ бүхнийг эргэж нэг бодож үзээд, маш ухаалгаар урагшлах ёстой. Залуу үедээ итгэл өгөх хэрэгтэй. Нөгөө талаас ардчилал бол хэн нэгний өмч биш юм.
-Та гэрэл зурагчдад уран зохиол уншихыг байнга зөвлөдөг юм билээ. Яагаад?
– Гэрэл зурагчид уран зохиолын ном сайн унших хэрэгтэй. Яруу найргийн нэг мөрөнд л гэхэд гэрэл зургийн кадр байдаг. Жишээ нь “Бүлэг цагаан дэрс” гэдэг үгийг бодоод нэг үз л дээ. Нүдэнд шууд зураг бууж байгаа харагдана биз.

– Монголын сонин, сайтууд гэрэл зурагт хэр ач холбогдол өгч байна гэж та харж байна вэ?
– Сонин, сайтууд гэрэл зурагт ач холбогдол өгч, зурагчнаасаа шаарддаг байж гэмээ нь редакци гэдэг утгаа авч үлдэнэ. Ерөнхий редакторууд зураг авах өнцөг, чиглэлийг тодорхой өгдөг байх ёстой. Зүгээр нэг хэвлэлийн бага хуралд очоод ирэх биш, хүний нүдний амь халууныг авч ирдэг зураг хэрэгтэй.
– Та яагаад гэрэл зурагчин болохоор шийдсэн бэ?
– Би уг нь сонины гэрэл зурагчин л даа. Орост сургууль төгсөж ирээд “Залуучуудын үнэн”, “Үнэн”, “Ил товчоо” сонинд ажиллаж байсан. Миний хувьд мэдээллийн чиглэлийн гэрэл зураг илүү ойр. Өдөр тутмын сонинд ажиллаж байсан болохоор сэтгүүлч, зурагчны зовлон жаргалыг мэднэ.
1985–1991 онд “Үнэн” сонинд Л.Түдэв гуай эрхлэгчээр нь ажиллаж байх үед үнэхээр гайхамшигтай баг бүрдсэн. Тэр сонин тухайн үеийн шинэчлэлийн дуу хоолой байсан.

– Та “Гамма” агентлагийг хэрхэн байгуулж байсан бэ?
– 1996 онд Монголын анхны хувийн гэрэл зургийн агентлаг болох “Гамма”-г байгуулсан. Тухайн үед хүмүүс зураг худалдаж авна гэсэн ойлголт бараг байгаагүй. Агентлагийг санаачлан байгуулсан хүн бол Ц.Батзориг агсан. Тэр хүн зудны зураг авч яваад амь насаа алдсан. Монголд албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн анхны гэрэл зурагчин.
– Монголын гэрэл зургийн өнөөгийн хөгжлийг та хэрхэн дүгнэх вэ?
– Ерээд оноос хойш гэрэл зураг ахуйн үйлчилгээ талаасаа хөгжсөн ч урлаг, мэргэжлийн шүүмж, бодлогын түвшинд орхигдсон. Төрөөс анхаарахаа больсон. Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр зураг авч буй хүмүүсээр Монголын гэрэл зургийг төсөөлөх хэмжээнд очсон нь харамсалтай.
Гэхдээ сүүлийн жилүүдэд уралдаан, үзэсгэлэн нэмэгдэж, залуус мэргэжлээрээ суралцаж эхэлж байгаа нь сайн шинж.

– Сэтгүүл зүйн гэрэл зурагт хамгийн их дутагдаж буй зүйл юу вэ?
– Гэрэл зургийн сурвалжлагч сэтгүүлч шиг сэтгэж ажиллах ёстой. Гэтэл манайд ийм ойлголттой зурагчин цөөн. Шинэ үйл явдлыг хуучин зурагтай хавсаргаад тавьчихдаг байдал их. Зураг тухайн агшны сэтгэл хөдлөл, уур амьсгалыг харуулах ёстой.
– Сайн зурагчны хамгийн чухал чадвар юу вэ?
– Хэрэгтэй үед л дардаг байх. Үүний тулд толгой дотроо бэлтгэлтэй байх ёстой. Аппарат, дуран чухал ч мэдлэг, мэдрэмж илүү чухал. Яруу найраг, уран зохиол бол өөрөө зураг юм.

– Та залуу зурагчдадаа ямар шаардлага тавьдаг вэ?
– Монгол, дэлхийн уран зохиол унш, кино үз, үзэсгэлэн сонирх. Өглөө ирээд чатлах биш, Reuters, BBC, CNN-ийн зургийг харж ярилц. Манай залуус авьяастай, хүсэлтэй. Цаг нь ирэхээр бүгд гялтганах болно
-Ярилцсанд баярлалаа.






