
Америкийн Рөүд Айлэнд мужид байрлах Брауны их сургуулийн байранд буугаар зэвсэглэсэн этгээд халдаж, 2 хүний аминд хүрч, багадаа 8 хүнийг хүнд шархдуулжээ.
Халдлагыг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжилж байгаа ба хяналтын камерт бичигдсэн дүрсийг нь олон нийтэд үзүүлээд байгаа аж.
Халдлага орон нутгийн цагаар өдөр 16 цагийн орчимд Брауны их сургуулийн инженерийн сургууль болон физикийн тэнхим байрлах 7 давхар барилгад гарчээ.
Америкийн хамгийн эртний боловсролын байгууллагуудын нэг Брауны их сургууль нь АНУ-д төдийгүй олон улсад нэр хүндтэй хувийн дээд сургуулиудын нэг бөгөөд алдарт Ivy League-т багтдаг юм.
Хэргийг үйлдсэн этгээдийн эрэн сурвалжилж буйтай холбоотойгоор Брауны их сургуулийн ойролцоо амьдардаг иргэдийг гэрээсээ гарахгүй байх, гэртээ байхгүй байгаа иргэдийг сэжигтнийг баривчлах хүртэл гэртээ харихгүй байхыг зөвлөжээ.
Брауны их сургуульд өнөөдрийн байдлаар 10 000 гаруй оюутан суралцаж байгаагийн 3000 гаруй нь магистр, докторын хөтөлбөрт хамрагсад аж.
CNN агентлагийн мэдээлснээр энэ онд АНУ-ын нутаг дэвсгэр дээр боловсролын байгууллага буюу сургуулийн орчинд галт зэвсэг ашиглан үйлдсэн 75 халдлага гарчээ. Тэдгээрийн 43 нь коллеж, их дээд сургуулиудын байранд, 32 нь ерөнхий боловсролын сургуулийн орчинд гарсан байна. Эдгээр халдлагуудын улмаас багадаа 31 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархаджээ.
Эх сурвалж: The Guardian






