
Сайн байцгаана уу үзэгчдээ.
Амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрөөж байна уу?
Өнгөрсөн долоо хоногт болсон бужигнаан дундаас юу ч ойлгоогүй үлдсэн бол анхаарлаа түр нааш нь хандуулна уу. Ө.Сонингоо нь сайхан яриад өгье.

Юун түрүүнд Оюу толгойтой холбоотой сонсгол даваа, лхагва, баасан гарагуудад болж өнгөрлөө.
Одоогоос 10 гаруй жилийн өмнө дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх Оюу толгой гэдэг зэс алтны ордоо гадаадын хөрөнгө оруулагчтай хамтран ашиглах гэрээ байгуулж байсан. Гэвч бид байгалийн баялгаа ашиглуулчхаад ашиг хүртэх нь байтугай зээл, зээлийн хүү, хүүгийн хүүний өрөнд уначхаад байж байна. Энэ асуудлыг засахын тулд Харвардынхан гэдэг хочтой О.Батнайрамдал тэргүүтэй гишүүд нотлох баримтыг шинжлэн судлаад нээлттэй сонсгол зохион байгуулж, иргэддээ мэдээлэл өглөө.
Сонсголд гэрчээр дуудагдсан 300 гаруй хүний дунд гэрээ байгуулсан хэргийн эзэд ирж үнэнээ өчив.
Үр дүнд хүрсэн ч юм шиг хүрээгүй ч юм шиг, хүн сонсоод ойлгомоор ч юм шиг, ухаж л сонсохгүй бол ойлгохгүй ч юм шиг хачин сонсгол болж өнгөрлөө.
Манай сайт дээр хурлын дэлгэрэнгүй мэдээллүүд бүгд байгаа болохоор ороод уншаарай за.


Монголын Үндэсний Олимпын Хорооноос жил бүр спортын салбарын оны “Шилдэг”-үүдээ тодруулдаг “Бөртэ чоно” арга хэмжээ болж өнгөрлөө.
Спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг тус наадам шилдгийн шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг баг, шилдэг шүүгч, шилдэг холбоо гээд салбарын бүхий л шилдгүүдээ тодруулдгаараа онцлогтой.
Харин энэ жил спортын салбарынхны хувьд шалгаруулж, шигшихэд ч бэрх асар өндөр өрсөлдөөн болсон сурагтай. Арга ч үгүй дээ хаа сайгүй л тив дэлхийн аваргууд, гавьяатууд төрөөд байсан болохоор хэнийг нь шагнах вэ гэдэг нэлээн өндөр шалгуур байсан биз ээ.


Энэ дунд манай “Physical asia”-ийн хэд маань “Оны онцлох” амжилтаар шагнагдсан байна.
Ёстой нөгөө Монгол руу ирэх жуулчдын тоог энэ зун дээд хэмжээнд хүргэхнүү гэлтэй ар араас нь контентоор бөмбөгдөөд алж өгч байна даа.


Энэ амжилт нь дуусаагүй ээ. Б.Энх-Оргил маань Дэлхийн аварга болж дэнж хотойтол биднийгээ баярлууллаа. Түүнийг нь MGL-1 Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч асан У.Тулгаболд ах нь бодитоор үнэлж хоёр өрөө байраар шагнажээ. Манай хүн ч өрх тусгаарлаад удахгүй хүний хүн болох нь дээ.


Эргүүлж мөлжихөд хүзүү сайхан гэдэг шиг “Physical asia”-ийнхний маань сэдэв ёстой дуусаж дундардаггүй дээ. Томбаяр буюу Eddie Central Телевизийн “The Tonight show starring Ankhbayar” нэвтрүүлэгт оролцжээ. Хүүе ээ, бараг монгол хүн болчихсон байна лээ ш дээ.
Тэр бүжиглэж байгаа нь зүгээр хэзээ, язааны ардын авьяастан шиг л байгаа юм чинь.
Хэл ус нь шууд нэвтрэлцэхгүй ч Б.Орхонбаяртайгаа ойгүй дотно найзууд болоод контент хийж өгч бэлэг барьдаг юм гэнэ ээ.
Томбаярын маань хамгийн хөөрхөн хэсэг нь бурхан биднийг хайрлаж чадна гээд дауны синдромтой охин бэлэглэсэн гэж байсан бол монголын дауны хам шинжтэй залуусын ажилуулдаг “Инээмсэглэл” coffee shop-оор зочилсон байна лээ.
Ямартай ч Монголд ирж хэсэг шуугиулж байгаад л явлаа даа Томбаяр маань. Удахгүй наадмаар ирж Б.Орхонбаярыгаа дэмжинэ гэсэн. Аргагүй л андууд болж дээ манай хоёр.
Шинэ жил зохион байгуулах комиссынхон анхаарлаа түр нааш нь хандуулна уу.
Цөөхөн ажилтантай газрууд шинэ жилээ тэмдэглэх гэхээр нэг бол караокены өрөө, эсвэл хауснаас өөр сонголтгүй болчихдог ш дээ. Тэгвэл амт чанартай хоолтой аятайхан газар санал болгоё. Энэ бол “The Office grill bar”. Олон хүнтэй бол хоолыг нь захиалгаар авч болно. Өөрсдөө очоод идвэл тухтай орчинтой, нэмээд ид, дахиад ид гээд гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг ёстой гоё газар байна лээ. Юу ч гэсэн судлаад очоод үзэхгүй юу. Амжилт манайхаан.


Юу, юугүй шинэ жил болохнээ. Хаа сайгүй гацуур сүндэрлэж, өнгө өнгийн гэрэл чимэглэлдээ хучигдаж байгаа ч утаан дундаас үнэхээр тодорч харагддаггүй ээ. Түгжрэл, хүйтэн хоёртоо стрессдээд тогтож харж ч амждаггүй ээ, яах уу.
Гэр, гэртээ гэрэлд чимэглэлээ зүүж байгаа хүмүүсээ шөнө унтахдаа салгаарай даа. Тог цахилгаанаас нь болоод гал гарах тохиолдол их байдаг ш дээ. Томоогүйтэж, догдолж архи уучхаад машин тэрэг ээ барив даа. Хэлээд сануулаад байхад л нэг мэдэхэд сумлагдчихсан, солиорчихсон явж байдаг шүү та нар.
Заа ингээд энэ долоо хоногийн мэдээлэл энэ хүрээд дууслаа. Ирэх долоо хоногт дахин уулзталаа түр Byee.







