
Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын нотлох баримт шинжлэн судлах хянан шалгах түр хорооны сонсгол төрийн ордонд үргэлжилж байна.
УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл: “Энэ гэрээг байгуулах эрх зүйн үндэслэлд эргэлзээнд оруулж дахин дахин яриад байгаа юм. Ерөнхийлөгч Н.Энхбаяр түрүүчийн хуралдаанд хэлсэн үгэндээ 34 хувыг авах байсныг 51 хувь болгох байсныг Д.Дэмбэрэл 34 хувь болгосон, бүтээгдэхүүн хуваах гэрээгээр явуулах байсан юм гээд л…
Гаргасан шийдвэрээ янз янзаар тайлбарлаж С.Баярцогт өнөөдөр дахиад л эрх зүйн үндэслэлийг эргэлзээнд оруулж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр Д.Дэмбэрэл 34+51 хувыг тулгаад гаргуулчихсан гэж байгаа юм. Тийм юм байхгүй шүү дээ.
Эрх зүйн үндэслэлийг будилуулах нь гэрээлэгчийн нөгөө талын бодлого байхгүй юу.
Энэ С.Баярцогт хэний талд ажиллаад байна вэ? Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гаргасан шийдвэрийг тэр нь тийм, энэ нь ийм гээд шүүмжлээд суудаг яамны сайд гэж юу байдаг юм. Энэ дур зоргоороо авирлагч бол хоёр талд ажилласан байгаа юм шүү дээ. Бидний бодлогын асуудлыг нөгөө талд очиж шивнэдэг, хариу гаргуулахаар гэрээнд тусгуулдаг ийм этгээд байсан байна.
Хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь энэ нөхөр юм байна шүү дээ гэж би хэлж байсан. Сангийн сайдын арчаагүй байдлаас болоод энэ гэрээг санхүү, эдийн засгийн үр дүнгүй болгож хийсэн нь үр дүнгээрээ харагдаж байгаа биз дээ. Ийм учраас гэрээний үндэс болсон үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрүүдийг хянан шалгах гэсэн оролдлого нь гэрээг бүхэлдээ цаад талд ашигтай байлгах гэсэн санаархлын үзүүр” гэлээ.






