
Америкийн TIME сэтгүүл 2025 оны “Оны хүн”-ээр хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгчдийг нэрлэжээ.
Сэтгүүлийн зүгээс 2025 оны “Оны хүн”-дээ зориулж, сэтгүүлийнхээ нүүрийг 1930-аад оны алдартай гэрэл зургаас санаа авч, хиймэл оюун ухааны тусламжтай бүтсэн “Хиймэл оюун ухааны архитекторууд” нэртэй зургаар чимжээ.
Зураг дээр Open AI компанийн Гүйцэтгэх захирал Сэм Алтман, Nvidia компанийн захирал Женсен Хуанг, Meta компанийн CEO Марк Зукерберг, xAI компанийг үүсгэн байгуулагч Илон Маск зэрэг хиймэл оюун ухааны салбарт хувьсгал хийсэн 8 эрхмийг барилгын төмөр каркас дээр сууж байгаагаар дүрсэлжээ.
TIME сэтгүүлд бичсэнээр Ерөнхийлөгч Жо Байдены хиймэл оюун ухааны салбарт баримталж байсан бодлогууд нь болгоомжилсон хандлагатай байсан бол Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Ж.Байдены бодлогоос татгалзаж, хиймэл оюун ухаанд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг дэмжсэнээр дэлхий даяар хиймэл оюун ухааны хэрэглээ нэмэгдээд байна.
Хиймэл оюун ухаан нь ажлын бүтээмж нэмэгдэх, ажил хөдөлмөрийг хялбар болгоход эерэг нөлөө үзүүлж байгаа бол нөгөө талаас хүмүүс хиймэл оюун ухаанд ажлын байраа алдаж буйг TIME онцолжээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч Д.Трамп хиймэл оюун ухааныг гадаад харилцаандаа ашиглаж, тэр дундаа Nvidia компанийн чипийг БНХАУ-тай хийсэн хэлэлцээртээ, Ойрх Дорнодын орнуудтай харилцаагаа бэхжүүлэхдээ ашигласан болохыг дурдаж, улс орнуудын хүчирхэг байдлыг цөмийн зэвсгээр нь хэмждэг байсан бол тэр цаг үе өнгөрч, улс орнууд хиймэл оюун ухааны хөгжлөөрөө өрсөлдөх болсныг онцолжээ.







