
Японы хууль сахиулагчид согтуугаар унадаг дугуй унаж, авто замын хөдөлгөөнд оролцож байгаад баригдсан 900 орчим иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасжээ.
Япон улс унадаг дугуй унаж буй иргэдийн гаргасан зөрчилд илүү хатуу шийтгэл ноогдуулдаг болсонтой холбоотойгоор энэ оны 1-р сараас 9-р сарын хооронд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдийн тоо өмнөх жилийн мөн үеийнхээс өндөр гарчээ.
Өнгөрсөн оны 11-р сард хэрэгжиж эхэлсэн шинэ журмаар согтуугаар унадаг дугуй унаж, хөдөлгөөнд оролцсон зөрчилд 3 хүртэлх жилийн хорих ял, 500 мянга хүртэлх иений торгууль ноогдуулдаг болжээ.
Түүнчлэн цусан дахь спиртийн хэмжээ нь 0.15 мг/л-ээс их байсан тохиолдолд зөрчилд тооцдог болсон ба унадаг дугуй жолоодож буй хүнд архи, согтууруулах ундаа уулгасан мөн дугуйгаа согтуу хүнд өгч унуулсан иргэнд тус бүр шийтгэл оногдуулдаг болжээ.
Түүнчлэн ирэх 4-р сараас цагдаа нар унадаг дугуй унаж байхдаа борооны шүхэр барьсан, утсаа оролдсон, гэрлэн дохиог зөрчсөн, оройн цагаар гэрэлгүй дугуй унасан зэрэгт торгууль ноогдуулж эхлэх аж.
Согтуурсан үедээ унадаг дугуй унах нь ноцтой осолд хүргэж болзошгүй гэдгийг Японы хууль сахиулагчид анхааруулсаар байгаа ба 2024 оны 11-р сараас энэ оны 6-р сарын хооронд Япон даяар 4500 гаруй хүн согтуугаар унадаг дугуй унаж, хөдөлгөөнд оролцож байгаад баригджээ.
2023 онд Японд унадаг дугуйтай холбоотой 72 мянга гаруй осол бүртгэгдсэн нь тухайн онд бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн нийт ослын 20 гаруй хувийг эзэлжээ.
Эх сурвалж: bbc.com






