
Оюу толгойн сонсголд гэрчээр дуудагдсан Ерөнхий сайд асан С.Баяр ирж, оролцож байна. Ерөнхий сайд асан С.Баярын хувьд өөрийн цахим хуудсаараа ирэхгүй гэдгээ мэдэгдэж байсан удаатай.
Тэгвэл өнөөдөр /2025.12.12/ сонсголын сүүлийн өдөр тэрбээр сонсголд оролцож дараах зүйлсийг хэллээ.
Ерөнхий сайд асан С.Баяр:
“Би энэхүү Түр хорооны хуралд ирэх шаардлагагүй гэж үзэж байсан ч өнөөдөр ирлээ. Энэ нь өөрийн байр сууриа илэрхийлэх хэрэгтэй гэж үзсэнтэй холбоотой. Түр хорооны хурал үр дүн өгөөсэй гэж хүсэж байна. Гэтэл үндсэн шалтгаанаа ярихгүй үр дагаврыг яриад байх шиг байна. Зээл, зээлийн өндөр хүүгийн үндсэн учир шалтгааныг ярихгүй, үр дагаврыг ярих нь үр дүнд хүргэхгүй болов уу.
Өгөөж гэдэг зүйл өөрөө гол асуудал л даа. Аливаа төслийн гол үзүүлэлт өгөөж байдаг. Бидний хувьд Хөрөнгө Оруулалтын Гэрээ (ХОГ) болон Хувь Нийлүүлэгчдийн Гэрээ (ХНГ)-г боловсруулсан. Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) тэр үед бүрэн бэлэн болох бололцоогүй байсан. Хэлэлцэж, тохирсон зүйлсээс болж ТЭЗҮ нааш цааш болох байсан учраас энэ гэрээг хэдийгээр 2009 оны 10 дугаар сарын 6-нд баталсан боловч, тодорхой нөхцлүүдийг хангасны дараа хүчин төгөлдөр болно гэсэн урьдчилсан нөхцөлтэй байсан учраас 2010 оны 3 дугаар сард байгуулагдсан.
Төсөл боловсруулахад олон ажлын хэсэг оролцсон. Бидний бодож байсан санхүүгийн загварын дагуу 34 хувьтай байх юм бол тэр үеийн үнэлгээгээр 53–58 хувийн өгөөж байна гэсэн тооцоо гарсан. Хэрэв 34 хувийг авалгүй явбал 77 хувьтай байхаар тооцоо гарсан. Миний чуулганы индэр дээр хэлсэн үг яг энэ цагийн тооцоо байсан.
Яагаад 34 хувьтай, хувьгүй гэж тооцсон гэхээр УИХ-ын 57 дугаар тогтоолыг тойрч ярих болж таарах нь. 57 дугаар тогтоол гарсанд Ерөнхий сайдын хувьд би сэтгэл хангалуун бус байсан. Яагаад гэхээр энэ тогтоол өөрөө хуульд нийцээгүй гарсан гэдгийг тавьж байсан. Хуульд улсын төсөв оролцоогүй газарт 34 хувь хүртэл гэж заасан байдаг. Гэтэл 57 дугаар тогтоолд 34 хувиас доошгүй гэсэн тоо гарсан. Цаашаа 50 хувь хүртэл төр эзэмшинэ гэсэн. Энэ бол хуулиас давсан шийдвэр байсан.
“Түр хорооны хурал үр дүн өгөөсэй гэж хүсэж байна. Гэвч үндсэн шалтгаанаа ярихгүй, зөвхөн үр дагаврыг яриад байх шиг байна. Зээл, зээлийн өндөр хүүгийн үндсэн учир шалтгааныг хөндөхгүйгээр, зөвхөн үр дагаврыг ярих нь үр дүнд хүрэхгүй болов уу.”
Монголчуудын үг байдаг: ‘Овоо босгоогүй бол шаазгай юундаа суух вэ’ гэж. Овоо нь энэ 34 хувь юм. 34 хувийг авах болсноос хамаараад зээлийн гэрээ болж хувирсан. 34 хувийг заавал авахыг Засгийн газарт үүрэг болгосон байсан. Энэ нь ХОГ-г зээлийн гэрээ болгож хувиргах эхний алхам нь байсан. Рио Тинтотой Засгийн газрын ярьдаг асуудал нь төслийн үр өгөөж байх ёстой байсан. Гэтэл ажиглаад байхад зээл, зээлийн хүү өндрийг сүүлийн 10 жил ярьлаа. Одоо ч Засгийн газар хэлэлцэж байгаа гэж ойлгосон. Гол асуудал нь 34 хувьд байгаа. 34 хувьтай байгаа нөхцөлд өр зээлээ ярьсаар л байна. Буулгалаа буулгалаа гэхэд 0-д хүргэж чадахгүй. Сонсголын гол үр дүн нь цаашаа яах вэ гэдгийг харах ёстой” гэв.






