
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан:
Цаашид гэрээгээ яаж сайжруулах вэ гэдэг дээр яалт ч үгүй хоёр талын эрх ашгийг хамгаалсан, тэнцвэртэй байдлаар хэлэлцээр хийх бололцоог бид ашиглах ёстой. УИХ-ын Түр хороо гурван өдөр хуралдаж, өмнө нь ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа хүмүүс асуудлаа нээлттэйгээр ард түмэнтэйгээ хэлэлцэж байгаа нь цаашдаа үр дүн гарах болов уу гэж харж байна. Асуудлын гол нь Оюутолгой компани бүтээн байгуулалт хойшилсноос болоод их хэмжээний зээлийн үлдэгдэл болон хүүгийн үлдэгдэлтэй болчихсон юм. Энэ асуудлыг шийдэх, хуримтлагдчихаад байгаа хүүг бид нар бууруулах ёстой. Зөвхөн зээлийн хүүг бууруулаад зогсохгүй, өнөөдрийн байдлаар хуримтлагдчихаад байгаа 106 тэрбум хүүгийн хэмжээг бууруулж, ОТ компанийн балансыг цэвэрлэж, тогтвортой үйл ажиллагаа явуулах бололцоог хангах шаардлагатай байгаа. Санхүүгийн механизмын хувьд энийг шийдэх маш олон боломж бололцоо бий. Рио Тинто компани өмнө нь Эрдэнэс ОТ-н зээлийг тэглэсэнтэй адилхан, яг одоо ОТ компанийн энэ зээлийн бүтцийг өөрчлөх боломж зөндөө байгаа шүү дээ. Зөвхөн хүүг бууруулах, хэдэн хувиар бууруулах гэсэн нэг жижигхэн асуудал яриад байх хэрэггүй, учир нь энэ чинь цаашдаа 2050, 2100 он хүртэлх үр дагаврыг бид нар аягүй сайн бодох ёстой. Миний бодлоор, манай Эрдэнэс Монгол болон Эрдэнэс ОТ компани дээр Санхүү шинжээчдийн хэлтэс бүхэл бүтэн байгаа. Тэнд маш олон төрлийн санхүүгийн судалгаа хийчихсэн, яг ямар вариантаар өөрчилбөл ямар үр дагавар гарах вэ гэдгийг судалчихсан байгаа. Тэр судалгаануудыг манай яг өнөөдрийн байдлаар хэлэлцээрт орж байгаа Засгийн газрын гишүүд маань бас ашиглаж, маш нухацтай хандаасай гэж бодож байна. Бид нар зөвхөн менежментийн төлбөрийг яриад зогсохгүй, ОТ компанийн зардлын бүтэц, санхүүжилтийн бүтэц, тэгээд ер нь хоёр хувьцаа эзэмшигчдийн аль алиных нь эрх ашгийг яаж хамгаалах вэ гэдэгт анхаарах ёстой. Одоо бид нар ингээд 53/47 гээд яриад байгаа, гэхдээ яг 53/47-г чинь хангах ёстой гэсэн заалт аль ч гэрээнд чинь байхгүй шүү дээ. Дубайн гэрээгээр тэрийг бас дахин тод оруулж өгсөн гээд байгаа ч, тэр заалтаа харах юм бол 53-аараа заавал байх ёстой гэсэн ч үг үсэг байхгүй. Зүгээр л ийм ийм байгаа гэдгийг тэмдэглэсүгээс тэмдэглэж байна л гэсэн заалт байгаа. Тэгэхээр яг энэ хяналтын механизмуудаа гэрээндээ оруулаад, хоёр хувьцаа эзэмшигч маань хоорондоо ярилцаж байгаад Хувь нийлүүлэгчдийн болон Хөрөнгө оруулалтын гэрээндээ оруулаад, яг хяналт тавих механизмаа бас оруулаад, энийгээ жил болгон дүгнэх юм уу, 5 жилдээ нэг удаа дүгнэх юм уу гэдгийг тодорхой болгох ёстой. Энэ төсөл чинь 2100 он хүртэл үргэлжилнэ гэсэн, ОТ-н санхүүгийн тооцоолол байгаа шүү дээ. Тэгэхээр үе үеийн Засгийн газар мухардалд оролгүйгээр, яг энэ хяналт тавих механизмаа л аягүй сайн аль аль талд өр болгож, аль аль талд эрхээ хамгаалах тэр бололцоог л бий болгох ёстой гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Э.Болормаа үг хэлж, асуулт асуулаа. 
Тэрбээр “Рио Тинто талаас бол монголчуудыг төөрөгдүүлэх, тархинаас нь угаах, хагаралдуулах технологи явуулсан нь баримтаар нотлогдсон. Шийдвэр гаргагчид бүгд иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээгээд энд хүрэлцэн ирээд байхад, яагаад энэ гурав хоногийн турш Рио Тинто компанийн эрх бүхий захирлууд ирсэнгүй вэ?
Өнгөрсөн долоо хоногт Рио Тинто Монголия компанийн захирал Амаржаргал энэ Төрийн ордонд Ерөнхий сайдын Бодлогын зөвлөлийн хуралд оролцоод л явж байсан. Гэтэл манай түр хороо дуудахаар “Ордон аюулгүй биш” гээд л шалтаг хэлдэг. Энэ долоо хоногт бүр зугтаад гадагшаа явсан байна лээ.
Ер нь Амаржаргал ч бай, цаана нь байгаа гадаад захирлууд нь ч бай, УИХ-ын сонсголд ирэх ёстой. Энэ бол ардчилсан улс орнуудад байдаг хэвийн парламентын механизм. Жишээ нь, 2020 онд Австралид Рио Тинтогийн уурхай дээр соёлын өв устгасан асуудлаар сонсгол болох үед тус компанийн хамгийн дээд захирал нь өөрөө очоод сууж байсан.
Тэгвэл яагаад Монгол Улсын парламентыг та нар үл хүндэтгээд байгаа юм бэ? Монгол дахь Амаржаргал захирал хүртэл ирэхгүй байгааг бодоход, би бүр “цаанаасаа өөрөө хэлээд байгаа юм биш үү — ‘Ийшээ ирэх хэрэггүй ээ, манай хэдэн монголчууд дотроо хэрэлдээд байж байг’ гэж хэлдэг юм уу” гэж бодож байна.
Ах нар маань дотроо бага зэрэг маргалдах, мэтгэлцэх зүйл байлгүй яах вэ. Алдаа оноотой ч гэсэн эд нар маань Монголын тал, манай хүмүүс. Бидний алдаа оноо бол Монгол Улсын л алдаа оноо. Бид энд нэг хувь хүнийг шүүж цоллоод суух гэж ирээгүй. Цаг хугацааг бид ухрааж чадахгүй. Тэгсэн мөртлөө урагшаагаа хараад, гэрээгээ сайжруулах тал дээр хүчээ нэгтгэж ажиллана. Та нар үүнд эргэлзэх хэрэггүй — Монголчууд нэгдэх үедээ нэгдэж чаддаг улс.
Харин танай талаас бол монголчуудын дунд хагарал үүсгэх, төөрөгдөл тараах ажиллагаа явуулсан нь баримтаар нотлогдсон.
Сая хавар танай PR хариуцсан захирлууд, менежерүүд болох Э.Хонгорзул, Б.Дашням нар Засгийн газрыг огцруулах жагсаалыг дэмжиж, бүр зохион байгуулалтад нь оролцож сошиалаар ажилласан шүү дээ. Би баримттай, ил тод зүйл ярьж байна” гэлээ.
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх
“Оюу Толгой болон Рио Тинто улс төрийн сонгууль, жагсаалд ямар нэгэн байдлаар нөлөөлж, оролцож байгаагүй” хэмээн мэдэгдэж, тус мэдээллийг няцаалаа.
НЭМЭЛТ: УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛАН Ерөнхий сайд асан С.Баяраас дараах асуултыг асуулаа.
-Монголын 34%-ийн хувьд ногдох 1.4 тэрбум ам.долларын үндсэн зээл болон 800 сая ам.долларын хуримтлагдсан хүү бүхий 2.3 тэрбум ам.долларын өр (хувьцааны санхүүжилтийн зээл) нь 2021 оны УИХ-ын 103-р тогтоолоор тэглэгдсэн. Харин өнөөдөр яригдаж буй 18.7 тэрбум ам.долларын өр нь хувь нийлүүлэгчийн зээл бөгөөд уг төслийг яагаад ийм өндөр хүүтэй хөрөнгө оруулалтын зээлээр санхүүжүүлэхийг зөвшөөрсөн бэ?
-УИХ-ын ойлгомжгүй, хууль зөрчсөн тогтоолыг үндэслэн гэрээ байгуулсан гэж та тайлбарлаж байна. Тухайн үед МАН-ын дарга байсан та өөрийн намын бүлэг дотор улс төрийн зөвшилцөл хийж чадаагүй юу?
-Та гэрээг 2009 оны 10-р сарын 6-нд байгуулсан ч, гэрээ хүчин төгөлдөр болохын өмнө буюу 10-р сарын 28-нд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Гэрээ байгуулсан хүн гэрээний хэрэгжих нөхцөлийг бүрдүүлсний дараа Ерөнхий сайдын ажлаа өгч болоогүй юү?
Оюу Толгойн нүйцэтгэх захирал С.Мөнхсүхээс
-Оюу Толгой компаний борлуулалтын орлого хэд вэ?
Ерөнхий сайд асан С.Баяр
Өрөөндөө дуслын аппараттай сууж байдгийг манай тэр үеийн хүмүүс бүгд мэднэ. Би Ерөнхий сайд байх хугацаандаа “энэ гэрээг заавал байгуулна” гэж шийдчихсэн, үнэхээр шүд зуун ажиллаж байсан. Харин 10 сарын 28-нд ажлаа өгсөн.
Энд хувийн эрүүл мэндийн асуудлаа их онцолж яриад байх сонирхол надад байдаггүй. Гэхдээ нэгэнт асуусан учраас хэлэхэд: 2009 оны хавраас хойш би Ерөнхий сайдын ажлаа эмнэлгээс хийж байсан. Манай Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд, холбогдох ажлын хүмүүст энэ нь сайн мэдэгддэг. Засгийн газрын нэг ч хурлыг би таслаагүй. Ерөнхий сайдын хийх албан үүргээ бол би чадах чинээгээрээ, боломжийнхоо хэрээр гүйцэтгэж байсан.
Ихэнх цаг хугацаандаа би эмнэлэгт байсан. Элэг солиулах асуудал тулчихсан, өрөөндөө дуслын аппараттай сууж байх үе олон байсан. Энэ бүхнийг тэр үеийн хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Гэхдээ гэрээ байгуулах боломж гарсан учраас “Ерөнхий сайд байгаадаа энэ гэрээг заавал би өөрөө байгуулна” гэж шийдээд улам бүр шүд зуун зүтгэсэн юм.
Анх 9 сард гэрээ байгуулагдчих болов уу гэж бодсон ч тэгж чадалгүй, 10 сар гаргаж байж гэрээг байгуулсан. Тэр үед Ерөнхий сайд ажлаа сайн дураараа өгдөг улс төрч хаана байх вэ дээ. Миний ажил ч амжилттай явж байсан. Атарын аян, Тавантолгойн асуудлууд, ОТ-ын гэрээг байгуулсан гээд олон ажил явж байсан. Үр дүнгээ харахыг хүсэлгүй яах вэ. Гэхдээ өвчин бол хүсээд ирдэггүй, асууж байгаад ирдэг юм биш, шууд дайрдаг эд шүү дээ.
Иймээс өнөөдөр энд би хувийн асуудлаа их дэлгэрэнгүй ярихгүй гэсэн бодолтой байна. Ер нь ч ярихыг хүсдэггүй. Гэхдээ нэгэнт асуусан болохоор хэлэхэд: би 10 сарын 28-нд ажлаа өгөхдөө УИХ-ын индэр дээрээс өөрийн энэ учир шалтгааныг тодорхой тайлбарлаж байсан.
Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал
Оюу Толгойд ажиллаж байгаа 18000 залуучууд бол баялаг бүтээгчид.
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх
Оюу Толгойд 18,000 залуу бүтээлч хөдөлмөр эрхэлж байна. Үр өгөөжийн талаар дараа нь ярилцах боломж олгоно гэж найдаж байна. Жаргалан гишүүний асуултад хариулахад, Оюу Толгой жилдээ 60–70 тэрбум төгрөгийн ашиг олдог. Энэ орлогын 80 гаруй хувь нь төмрийн хүдрийн бизнесээс бий болдог.
Жилд 10–15 орчим тэрбум төгрөгийн мөнгөн урсгалын төлбөр гаргадаг бөгөөд энэ мөнгөний 40 хувь нь ноогдол ашиг болж хувьцаа эзэмшигчдэд хуваарилагддаг. Рио Тинтогийн өрийн хэмжээ бага, үндсэн санхүүжилт нь өөрсдийн бүтээж буй үйл ажиллагаанаас бүрддэг.
Оюу Толгой компани нийт 32 тэрбум ам.доллар зарцуулсан байдаг. Үүний 15 тэрбум нь бүтээн байгуулалтад, 11.8 тэрбум ам.доллар нь урсгал зардалд зарцуулагдсан. Зээлийн хүүгийн төлбөрт 300 сая ам.доллар гарсан бөгөөд санхүүжилтийн нийт зардал ойролцоогоор 5 тэрбум ам.доллар болсон.
“Оюу толгой” компанийн Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэн
“Оюу толгой” төслөөс Монгол Улсад орж байгаа өгөөжийг бид гурван янзаар тооцож байгаа. “Оюу толгой” компани өнөөдрийг хүртэл буюу 2025 оны III улирлын байдлаар улсын болон орон нутгийн төсөвт нийт 13.7 их наяд төгрөг буюу 5.3 тэрбум ам.долларын татварыг төлсөн. Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсан эхний өдрөөс л өгөөжөө өгөөд эхэлсэн бөгөөд “Оюу толгой” 2010 оноос хойш татвараа төлөөд эхэлсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах нь манай улсын үе үеийн засгийн газрын стратегийн зорилт байдаг бөгөөд Оюу толгой төсөл дээр 20.6 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн. 2010 оноос хойш манай улсад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалтын 2 доллар тутмын нэг нь Оюу толгойтой холбоотой хөрөнгө оруулалт байсныг дурдах нь зүйтэй. Энэ мөнгө 1000 гаруй дотоодын ханган нийлүүлэгч рүү 38 их наяд төгрөг орсон бөгөөд манай компанийн ханган нийлүүлэгчдээс 30 ААН нь ТОП 100 буюу шилдэг татвар төлөгчид байдаг. Оюу толгойн үр өгөөжийн хуваарилалтыг талууд анх тохирохдоо: Хөрөнгө оруулагч тал нь ногдол ашиг, зээлийн хүү, менежментийн төлбөрөөр, Засгийн газар нь ногдол ашиг, татвар, төлбөр хураамжаар авна гэж тохирсон. Ногдол ашиг хуваарилалт болон төслийн санхүүжилтийн төлөвлөгөөг 2011 онд хувь нийлүүлэгчид анх ярилцаж тохирсон байсан бөгөөд Оюу толгойн үр өгөөжийг том зургаар нь үндсэн 3 хэлбэрээр харах нь зөв. Нэгт, татварын орлогоор буюу төсөвт төвлөрүүлэх мөнгөн дүнгээр; Хоёрт, ажлын байр, дотоодын худалдан авалт буюу эдийн засгийн идэвхжилтээр; Гуравт, ногдол ашгаар буюу Эрдэнэс Оюу толгойд оногдох мөнгө урсгалаар. Оюу толгойн хувьд эхний хоёрыг бүтээн байгуулалтын ажил эхэлсэн эхний өдрөөс биелүүлсэн бол, ногдол ашгийг Эрдэнэс Оюу Толгой, Рио Тинтогийн аль алинд нь хуваарилж эхлээгүй байгаа аж. Оюу толгой уурхайн бүтээн байгуулалтад 16 тэрбум ам.доллар зарцуулж, дэлхийн хамгийн аюулгүй уурхайнуудын нэгийг байгуулсан бөгөөд 2025 оноос эерэг мөнгөн урсгалтай болж эхэлжээ. 2010 оноос хойш нийт 5.3 тэрбум ам.долларыг татвар хураамжид төлсөн бөгөөд 2026 онд 600 сая ам.доллар төлөхөөр төлөвлөж байгаа
НЭМЭЛТ УИХ-ын гишүүн П.Ганзориг асуулт асуулаа.
С.Баяр, С.Баярцогт, Д.Дэмбэрэл нараас:
– Ямар алдааг хэрхэн засах ёстой гэж үзэж байна вэ? Байр сууриа илэрхийлнэ үү?
Ерөнхий сайд асан С.Баяр 


-57 дугаар тогтоолыг баталсан УИХ-ын гишүүдийг би буруутгадаггүй. Тэд хуулийн дагуу л оруулж ирсэн.
Бидний засах ёстой нэг том алдаа нь Засгийн газруудын бодлогын залгамж чанар алдагдсан явдал. Түүнээс хойш нийт 7 Засгийн газар солигдсон бөгөөд Засгийн газар болгоны ажилд муу дүн тавимаар байна.
2021 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тодорхой алхам хийсэн. Харин өмнөх Засгийн газрууд байгуулсан гэрээнийхээ дагуу тууштай хөөцөлдөж ажиллаагүй нь нэг том алдаа. Мөн төр, засгийн байгууллагуудын хоорондын авцалдаа сул байна.
Нэг жишээ нь өнөөдөр болж буй энэ сонсгол. Засгийн газар хэлэлцээр хийж байгаа үед парламент нээлттэй сонсгол явуулна гэдэг аль ч талаасаа буруу. Яагаад гэвэл тактикаа тодорхой хэмжээнд нууцалж байж амжилтад хүрдэг. Гэтэл бүх мэдээллийг олон нийтийн өмнө ингэж дэлгээд тавихад хэлэлцээр хийх Засгийн газар хүндрэлтэй байдалд ордог. Энэ бол хоёр дахь том алдаа.
Үр өгөөжийн асуудлаа баталгаажуулаагүй нь мөн нэг том алдаа. Үүнийг хуульчилж, хоёр тал гарын үсэг зурсан гэрээнд заавал тусгаж, хоёр талын үүрэг болгох ёстой байлаа. Энэ чиглэлд бид алдсан байна.
Сангийн сайд асан С.Баярцогт:


Гэрээг байгуулсан хүний хувьд хэлэхэд эрх зүйн орчны хувьд дутагдалтай зүйл байсан. 2013 онд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бүх төрлийн ашигт малтмалд хамруулж баталсан. 2015 онд “тусгай АМНАТ” гэдэг зохицуулалтыг санаачлан оруулсан. Энэ нь хувьцааг тусгай АМНАТ-тай болгох боломжийг нээсэн.
Сая “Оюутолгой”-той хийсэн хэлэлцээрийн хүрээнд тусгай роялтигийн зохицуулалтыг ашиглаж байна. Дараагийн нэг асуудал нь — хүүгийн түвшин өндөр байна. Хоёрдугаарт, менежментийн төлбөр өндөр. Гуравдугаарт, ТЭЗҮ-дээ 53 хувийн өгөөжийг Монгол Улс, 47 хувийг хөрөнгө оруулагч тал авна гэдгийг баталгаажуулах ёстой байсан.
Мөн “Рио Тинто хятадуудад хувьцаагаа зараад гарах гэж байна” гэсэн асуудал яригдаж байсан тул Монгол Улсаас асуухгүйгээр хувьцаагаа зарахгүй гэсэн нөхцөлийг оруулж ирсэн. Төслөө 70 жил хэрэгжүүлэх учраас зээлийн хүүг тодорхой хугацаанд тогтоож ярьдаг байх зарчмыг ч тавьсан. Харамсалтай нь 2018 онд энэ зохицуулалт хэрэгжээгүй.
Өмнөх хүмүүсээ сонсолгүй, бүхнийг шинээр эхлэх гэж зүтгэсээр өнөөдрийг хүрлээ. ХОГ гэрээ өөрөө сайн хийгдсэн, харин хэрэгжилтийг муу хангаж ирсэн гэж би хувьдаа боддог.
НЭМЭЛТ: Оюу толгойн сонсголд гэрчээр дуудагдсан Ерөнхий сайд асан С.Баяр ирж, оролцож байна. Ерөнхий сайд асан С.Баярын хувьд өөрийн цахим хуудсаараа ирэхгүй гэдгээ мэдэгдэж байсан удаатай.
“Оюу Толгойн сонсголын асуулт-хариултын хэсэг эхэллээ.
Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал нь Ерөнхий сайд асан С.Баяраас дараах асуултуудыг тодрууллаа:
-
“Та сүүлийн хоёр өдрийн сонсголыг үзсэн байх гэж найдаж байна. Оюу Толгойн гэрээг байгуулах явцад хуулийн болон бусад байгууллагуудын зөвлөмжүүдийг хэрхэн тусгаж чадсан бэ?“
-
“Сая танилцуулсан баримтуудад таны УИХ-ын чуулганы хуралдаанд хэлсэн үгс харагдаж байна. Монголчууд энэ төслөөс өндөр өгөөж хүлээж байсан. Та чуулганы индэр дээрээс өгөөж хүртэх хувь 55-75 хувь байна гэж хэлсэн. Гэтэл ТЭЗҮ (Техник, эдийн засгийн үндэслэл) батлагдаагүй байхад байгуулсан гэрээнд энэ хувь нь 53 хувь гэж тусгагдсан байдаг. Гэрээ байгуулсан хүний хувьд энэ асуудлыг юу гэж дүгнэж байна вэ?“
НЭМЭЛТ: Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон гэрээний танилцуулгыг хүргэж байна.










НЭМЭЛТ: Шинжээчдийн дүгнэлт, баримтууд.


















Эхлэл: “Оюу толгойн сонсгол өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Яг одоо шинжээчид зээлийн хүүгийн асуудлаар баримт танилцуулж байна. Үүний дараа Түр хорооны гишүүд асуулт асууж, гэрчүүд хариулт өгөх юм.”







