
Тайланд, Камбож хоёр улсын хил дээрх зэвсэгт мөргөлдөөн 4 дэх өдрөө үргэлжилж байна.
Өнгөрсөн лхагва гарагийн байдлаар хоёр улсыг заагласан 817 км урт хилийн бүсийн 10 гаруй байршилд ширүүн тулаанууд бүртгэгджээ.
Өнгөрсөн 7-р сард хоёр улсын хил дээр гарсан зөрчилдөөнийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гаалийн импортын татварын нэмэгдлээр сүрдүүлж зогсоосон билээ. Тэрээр энэ пүрэв гарагт Тайланд, Камбож хоёр улсын төрийн тэргүүнүүдтэй утсаар ярилцана гэдгээ мэдэгдсэн ба хоёр улсын зэвсэгт мөргөлдөөнийг зогсоож чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Нөгөө талаас Тайланд улс энэ удаад Ерөнхийлөгч Д.Трамп, Малайзийн Ерөнхий сайд Анвар Ибрахим нарын энхийг тогтоох санаачлагад болгоомжтой хандахыг илүүд үзэж, хоёр улсын хил дээр үүссэн асуудал нь хоёр улсын өөрсдийнх нь шийдэх дотоодын асуудал гэдгийг тодотгожээ.
Малайзын Ерөнхий сайд А.Ибрахим өнгөрсөн мягмар гарагт Тайланд болон Камбож улсын төрийн тэргүүнүүдтэй утсаар ярьжээ. Тэрээр талууд ямар нэг шийдэлд хүрээгүй ч хоёр улсын төрийн тэргүүнүүд яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн гэдгийг онцолжээ.
Олон арван жилийн турш газар нутаг, хилийн маргаанаас болж зөрчилдөж буй хоёр улсын хил дээр гарсан зэвсэгт мөргөлдөөнд талууд харилцан бие биеэ буруутгаж байгаа аж.
Камбожийн Дотоод хэргийн сайдын мэдээлснээр Тайландын цохилтууд тэр дундаа Тайландын F-16 сөнөөгч онгоцнуудын үзүүлсэн агаарын цохилтуудад олон тооны айл өрхүүд, сургуулийн байр, авто замууд, суваргууд болон эртний сүм хийдүүд өртжээ.
Хоёр улсын хил дээрх зэвсэгт мөргөлдөөний улмаас Камбожийн талд 10 хүн амь үрэгдэж, 60 хүн шархдсан бол Тайландын 8 цэрэг амь үрэгдэж, 80 цэрэг шархджээ. Зэвсэгт мөргөлдөөний улмаас хоёр улсын хилийн ойролцоо амьдардаг олон зуун мянган иргэд орон гэрээ орхиж, дүрвэхэд хүрчээ.
Эх сурвалж: Reuters






