
Forbes сэтгүүл 2004 оноос хойш жил бүр дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг гаргаж ирсэн билээ. Энэ оны Дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтыг 4 дэх жилээ дараалан Европын холбооны зөвлөлийн ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен тэргүүлжээ.
Түүний араас Европын Төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард бичигдэж, дэлхийн 4 дэх том эдийн засаг болох Япон улсын анхны эмэгтэй Ерөнхий сайд Санаи Такаичи жагсаалтын 3-т бичигджээ.
Жагсаалтын 4-т Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, 5-д Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум бичигдсэн байна.
Дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтад багтсан бүсгүйчүүд нийтдээ 37 их наяд долларын эдийн засгийг захиран удирдаж, 1 тэрбум гаруй хүнд нөлөөлж байгааг Forbes онцолжээ.
Жагсаалтын 11-т бичигдсэн Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосын экс гэргий МакКензи Скотт л гэхэд хар арьстнуудын голчлон элсэн ордог байсан коллеж, их дээд сургуулиудад 700 сая ам.долларыг хандивлажээ. Жагсаалтын 10-т бичигдсэн Advanced Micro Devices компанийн гүйцэтгэх захирал Лиза Сү өнгөрсөн 10-р сард OpenAI компанитай 6 гигаваттын хүчин чадалтай хиймэл оюун ухааны чип үйлдвэрлэх олон арван тэрбум ам.долларын гэрээ байгуулж, Nvidia компанитай эн зэрэгцэн өрсөлдөх эхлэлээ тавьжээ.
Нийгмийн сүлжээнд нийт 350 сая гаруй дагагчтай, реалити од Ким Кардашьян Nike компанитай хамтарснаар Skims компанийнхаа зах зээлийн үнэлгээг 5 тэрбум ам.долларт хүргэж, Forbes-н жагсаалтад 71-т бичигджээ.
Дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад Netflix стриминг үйлчилгээний хамгийн олон үзэлттэй киногоор тодроод буй “KPop Demon Hunters” хүүхэлдэйн киног бүтээхэд оролцсон эмэгтэйчүүд мөн багтжээ. Энэ оны 6-р сард цацагдсан “KPop Demon Hunters” хүүхэлдэйн кино 12-р сарын байдлаар нийт 325 сая үзэлттэй явж байгаа юм.
Эх сурвалж: Forbes






