
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 12 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ. Мөн тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацаатай холбоотой арилжааны банкууд руу чиглэсэн шийдвэр гаргасан байна.
Д.Энхтайван Монголбанкны Дэд ерөнхийлөгч,
“Мөнгөний бодлогын хүрээнд бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргасан. Энэхүү бодлогын шийдвэрийг гаргахад дараах эдийн засгийн нөхцөл байдал цаашдын төлөвийг харгалзан үзлээ. Манай улсын гол худалдааны түнш БНХАУ болон АНУ–ын худалдааны хэлэлцээрт ахиц гарч буй өөрчлөлтүүд нь дэлхийн эдийн засгийн гүйцэтгэлд улмаар хүлээлтэд өөрчлөлт оруулж байна. Гэхдээ тарифын бодлогыг тойрсон тодорхойгүй нөхцөл байдлууд үргэлжилж эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх хэлбэлзэл өндөр байгааг анхаарах нь зүйтэй байна.
ҮСХ–ны мэдээллээр инфляц сүүлийн саруудад бага хэмжээгээр эрчимжин 11 дүгээр сард улсын хэмжээнд 8,2%-тай гарч байна. Инфляцын хүү өмнөх сараас нэмэгдэхэд махны үнэ улирлын хандлагаар даган буураагүй мөн ургац хураалт бага байснаар хүнсний ногооны үнэ харьцангуй өндөр байсан нь голлон нөлөөлөв. Улмаар хүнсний үнийн өсөлт болон багш эмч нарын цалингийн өсөлттэй уялдуулан инфляцын төсөөллийг өмнөх оноос нэмэгдүүллээ.
Инфляцын төсөөлөл өмнөхөөс нэмэгдсэн ч төрийн зохицуулалттай үнийн өсөлтийн суурь нөлөө арилж эхэлснээр инфляц алгуур бууран зорилтот интервалын дээд орчимд тогтворжих хүлээлттэй байна. Гэхдээ цаг агаарын нөхцөл байдал муудан, махны үнэ өсөх, шатахууны нийлүүлэлт буурч, буурч эдийн засгийн үйл ажиллагааг хязгаарлах зэрэг нийлүүлэлтийн шинжтэй инфляц нэмэгдэх эрсдэл өндөр байгааг онцлох нь зүйтэй. Эдийн засгийн өсөлт 2025 оны 3 дугаар улирлын байдлаар 5,9%-тай буюу хүлээлтийн орчимд гарсан тул өсөлтийн төсөөллийг хэвээр хадгаллаа.
Энэ оны өсөлтийг ХАА–н салбар болон уул уурхайн салбар голлон тайлбарлаж байна. Эдийн засаг энэ онд 5,8%-аар ирэх онд 5,6 орчим хувиар өсөх хүлээлттэй байна. Цаашид бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийн явц, гадаад, дотоод эрэлт, түүхий эдийн үнэ зэрэг нь өсөлтийн төлөвийг өөрчилж болзошгүй.
Төлбөрийн тэнцэл энэ оны эхний 10 сарын байдлаар 141 сая долларын ашигтай гарлаа. Үүнд зэс, алтны үнэ, түүхэн дээд түвшнийг давж өсөж байгаа ч нүүрсний үнийн уналтын сөрөг нөлөөг бууруулж байна. Нөгөө талаас мөнгө санхүүгийн бодлогын нөлөө үр дүнгээ өгч, импорт буурч, гадаад худалдааны тэнцэл сайжрахад нөлөөлж байна. Гадаад валютын албан нөөц 12 дугаар сарын 2-ны байдлаар 6 тэрбум ам долларт хүрч нэмэгдлээ. Энэ нь гадаад валютын төлбөртэй барааны импортын 7 орчим сарын бараа үйлчилгээний 4,3 орчим сарын хэрэгцээг хангах түвшин юм.
Төлбөрийн тэнцлийн ирэх оны төлбөрт нүүрсний орлого томоохон тодорхой бус байдлыг дагуулсан хэвээр байна. Инфляц ойрын хугацаанд хүнсний үнийн гүйцэтгэл болон цалингийн өсөлтийн нөлөөгөөр зорилтын дээд орчимд гарах хүлээлттэй байна. Цаашид цаг агаарын болон нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн өөрчлөлт нь инфляцыг өдөөж болзошгүй.
Ийнхүү эдийн засаг банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв эрсдэлийг харгалзан үзээд бодлогын тууштай байдлыг ханган зээл санхүүжилтийн нөхцөлийг хэт хатууруулахгүй байж дунд хугацаанд өсөлтийн өсөлтийг тогтвортой хадгалах зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа” гэж мэдээллээ.
Мөн УИХ–ын дарга болон Өргөдлийн байнгын хорооноос өгсөн санал зөвлөмжүүдийг харгалзан тэтгэврийн зээлийн сарын төлбөрийн дарамтыг бууруулах зорилгоор олгосон байгаа зээлүүдийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хугацааг 36 сараар нэг удаа сунгасан тохиолдолд уг активыг журмын дагуу бүтэц өөрчлөгдсөн активд тооцохгүйгээр эцсийн ангиллыг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.

Д.Энхтайван Монголбанкны Дэд ерөнхийлөгч,
“Тэтгэврийн зээл тогтоосон 150%-ийн эрсдэлийн жингийн хэмжээг 100% болгон бууруулах, тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн үлдэгдэлтэй тэнцэхүйц хэмжээний эх үүсвэрийг банкны заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасах талаар хэлэлцэж шийдвэрлэлээ. Монголбанкны бодлогын шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно. Цаашид эдийн засгийн сэргэлт, инфляцын төлөв, нийлүүлэлтийн хүчин зүйл о зүйлс олон улсад бий болж буй өөрчлөлтүүдтэй уялдуулан бодлогын дараа дараагийн алхмыг тухай бүрд нь авч хэрэгжүүлэх болно” гэлээ.
Тодорхой болгоход, тэтгэврийн зээлийн сарын төлбөрийн дарамтыг бууруулах зорилгоор олгочихсон байгаа зээлүүдийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хугацааг 36 сар хүртэл нэг удаа сунгасан тохиолдолд зээлтэй иргэд буюу 18 сараар зээлээ авчихсан байгаа иргэд арилжааны банкан дээр очоод хүсэлтээ тавиад 36 сар болгоод хойшлуулах буюу зээлийнхээ эргэн төлөлтийн хугацааг сунгах эрх нь нээлттэй болж байгаа гэсэн үг юм. Тэгэхээр ангилал буюу одоо байгаа зээлийн бүтэц өөрчлөгдөхгүй, харин 18 сараар тооцон төлж байсан сарын төлөлт нь 36 сараар зээлээ сунгаад явахаар одоо сард төлж байгаа зээлийн эргэн төлөлтийн хэмжээ нь тодорхой хэмжээгээр буюу бараг 2 дахин орчим буурах юм байна.







Хугацаа сунгаж яадийм 😏😏тэтгэр нэмж зээл олгохгүй Зүгээр сард төлөх үндсэн зээл нь багасна👈👈😞ХАРИН төлөх Хүү нь ихсэнэ Хуучин 12 16 сараар төлөхд зээл нь Жишээ нь 380 хасагдаад. Хүү нь 50,.0 аад баысан бол Одоо 👈үндсэн зээлээс 340,0 хасаж Хүү чинь 90.0 болж өмнө 🥲🥲🥲Та нар сар бүр 40,0 иын өрөнд нэмж унаж байгаа юм даа