
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 2025 оны 12 дугаар сарын 8-нд (Даваа гараг) эхэлсэн юм.
Тус сонсголд гэрчээр дуудагдсан УИХ-ын дарга асан З.Энхболд дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Рио Тинто Монголын талын тодорхой хүмүүсээр лобби хийлгэж, 3.6 хувийг нэмсэн. Үүнд С.Баярцогт, С.Баяр нар оролцсон. Ажилчдын хоолны үйлчилгээний гэрээг С.Баярцогтын компани авсан. Бензин, түлшийг С.Баярын найзын “Петровис” компани нийлүүлж байсан. “Петровис” компанийн захирал Ч.Давааням нь С.Баярт 10 сая ам.долларын хахууль өгч, АНУ-д 10 байшин авсан нь илчлэгдэн ял авсан хүн.
Ийм ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн улмаас Монгол Улс асар их мөнгө алдаж байна. Энэ гэрээнд оролцсон хүн бүр нэг хэлбэрээр ашиг хүртсэн байдаг. Ийм хүмүүст хариуцлага тооцохгүй бол асуудал шийдэгдэхгүй.
Менежментийн төлбөрийг нэн даруй хүчингүй болгох хэрэгтэй. Дэлхий дээр ийм жишиг байхгүй. Хөзөр манай талд байгаа учраас гэрээг сайжруулах бүрэн боломжтой. УИХ-ын 40, 57 дугаар тогтоолууд сайн болсон ч Засгийн газрын тодорхой хүмүүс буруу хэрэгжүүлсэн. Хариуцлага тооцох ёстой. Харин төсөл цааш үргэлжлэх ёстой. Гэхдээ нөгөө талын лоббид ордог хүмүүсээсээ салах нь зөв” гэв.






