
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Тэрээр Украины эрх баригчид төрийн эрх мэдлээс буух хүсэлгүй байгаа тул дайныг дуусгахгүй байна гэсэн цуурхал нь ямар ч үндэслэлгүй хэмээн, Украины ард иргэдэд аюулгүй байдлын баталгаа өгсөн тохиолдолд ерөнхийлөгчийн сонгууль зарлах боломжтойг онцолжээ.
В.Зеленский, “Сонгууль зарлахад хоёр асуудал тулгарч байна. Эхнийх нь аюулгүй байдал. Сонгуулийг хэрхэн пуужингийн цохилтын доор өгөх вэ. Хоёр дахь нь сонгууль зарлах нь хууль эрх зүйн талаас үндэслэлтэй эсэх асуудал.” гэжээ.
Тэрээр “Миний бие сонгуульд өрсөлдөхөд бэлэн байна. АНУ болон Европын түншүүдээсээ ерөнхийлөгчийн сонгууль зарлахад шаардлагатай аюулгүй байдлыг хангаж өгөхийг хүсэж байна. Тэгвэл 60-90 хоногийн дотор Украин улс ерөнхийлөгчийн сонгуулиа зарлахад бэлэн болно.” хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн тэрээр украины хууль тогтоогчдоос дайны байлдааны үед сонгууль хийх тухай хуулийн төсөл боловсруулахыг үүрэг болгожээ.
Украины хуулиар дайны нөхцөл байдалд ямар ч төрлийн сонгууль хийх нь хориотой аж.
2022 оны 2-р сард ОХУ Украин руу довтолсноос хойш Украин улс дайны дэглэмд шилжсэн юм. Түүнээс гадна газар нутгийнх нь зарим хэсэг ОХУ-ын хяналтад орсон байгаа энэ үед хэрхэн сонгууль явуулах нь тодорхойгүй байгаа юм.
ОХУ-Украины дайны улмаас Украинд 2023 оны 10-р сард явагдах ёстой байсан парламентын сонгууль, 2024 оны 3-р сард болох ёстой байсан ерөнхийлөгчийн сонгууль тус бүр тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон юм.
Үүнтэй холбоотойгоор Оросын талаас В.Зеленский төрийн эрх мэдлээс буухгүйн тулд сонгууль хийхгүй байна гэсэн суртал ухуулга явуулсаар байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Киевээс ерөнхийлөгчийн сонгууль зарлахыг нэг бус удаа шаардсан юм. Тэрээр Politico цахим сонинд өгсөн ярилцлагадаа, “Цаг нь болсон гэж бодож байна. Ерөнхийлөгчийн сонгууль зарлах чухал үе ирсэн. Тэд дайнаар шалтаглан сонгууль хийхгүй байгаа ч украины ард түмэнд сонголт хийх боломжийг олгох ёстой.” гэжээ.
Эх сурвалж: РБК УКРАЙНА






