
Финлянд улсад хурд хэтрүүлсэн жолоочид ноогдуулах торгуулийн хэмжээ тухайн жолоочийн орлогын хэмжээнээс хамаардаг байна. Жолооч нь өндөр орлоготой байх тусам торгуулийн хэмжээ нь өндөр гардаг аж. Торгуулийн хэмжээ нь тухайн жолоочийн орлогоос гадна өмнө нь торгуулж байсан эсэх мөн хурдаа хэр их хэмжээгээр хэтрүүлсэн зэргээс хамаарч өндөр гарах магадлалтай аж.
Замын цагдаа хурд хэтрүүлсэн жолоочид ноогдуулах торгуулийн хэмжээг тогтоохдоо жолоочийн төлсөн татварын мэдээллийг шүүж, нэг сарын орлогыг 60-д хуваасныг зөрчлийн зэргээр үржүүлэн гаргадаг байна. Зөрчлийн зэрэг нь зөвшөөрсөн хурдыг хэдий хэмжээгээр давснаас шалтгаалж өөр өөр байх ч жолоочид хамгийн багадаа сарын орлогынхоо 20 хувиар торгуулдаг аж.
Жишээ нь сарын 5000 еврогийн орлоготой хүн зөвшөөрөгдсөн хурднаас 32 км/ц-аар их хурдтай явсан бол 5000/60*22=1833 еврогийн торгуульд унах аж.
2023 онд Финляндын саятан Андерс Виклоф зөвшөөрөгдсөн хурднаас 30 км/ц-аар илүү хурдтай явсныхаа төлөө 130 000 ам.доллароор торгуулж байсан бол 2002 онд Nokia компанийн захирлуудын нэг Ансси Ванйоки 50 км/ц хурдтай явах ёстой зам дээр мотоциклтойгоо 75 км/ц хурдтай явсныхаа төлөө 116 000 еврогийн торгууль төлж байжээ.
Финлянд улс дэлгүүрээс хулгай хийх, үнэт цаасны болон санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд торгууль ноогдуулахдаа тухайн хэргийг үйлдсэн этгээдийн орлогын хэмжээг авч үздэг ба зөрчил гаргагч нь өндөр орлоготой байх тусам торгуулийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн зарчмыг баримталдаг байна.
Эх сурвалж: Medium






