
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 2025 оны 12 дугаар сарын 8-нд (Даваа гараг) эхэлсэн юм.
Тус сонсголд гэрчээр дуудагдсан УИХ-ын дарга асан З.Энхболд дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “
Олон жилийн өмнө болсон асуудлуудыг зарим хүмүүс одоо ч худлаа гүтгээд өнгөрнө гэж бодож байгаа бол тийм зүйл байхгүй. Би 2007 оны гэрээг ч буруу гэж үзэж байсан, 2009 оны гэрээг ч буруу гэж үзэж байсан. Миний санал өгсөн бүх товчлуурын (кноп) баримт өнөөдөр УИХ-ын архивт хадгалагдаж байгаа.
2007 оны гэрээг яагаад буруу гэж үзсэн бэ гэхээр: тухайн үед Оюу Толгойд бараа нийлүүлж буй бүх компанийг татвараас чөлөөлөх зохицуулалт орсон байсан. Тэр үед ОТ манай эдийн засгийн бараг тал хувийг эзэлж байсан учраас “ОТ-д зориулсан татварын алба татвар төлдөггүй, бусад бүх Монголын эдийн засаг татвар төлдөг” гэсэн утга бүхий маш эрсдэлтэй нөхцөл байдал үүсэх нөхцөлтэй байлаа. Ийм шалтгаанаар би тухайн үед буцсан юм. Харин Хүрэлбаатар сайдын “маш сайн гэрээг буцаасан” гэсэн яриа бол ор үндэсгүй худал. Тэр ярианд намайг ч бас буруутгасан байдлаар оруулдаг, энэ нь үнэн биш.
2009 оны гэрээний хувьд би 57 дугаар тогтоол дээр “зөв” гэж санал өгсөн. Гэхдээ ямар ойлголтоор санал өгсөн бэ? Монголын тал эхлээд 34 хувиа үнэгүй авна, дараа нь хөрөнгө оруулалтын нөхцөлийг нөхсөний дараа эзэмшлийн хувь 50:50 эсвэл 51 хувь болж өснө гэсэн ойлголтоор.
Гэтэл өнөөдөр харахад гэрээний нэр “хөрөнгө оруулалтын гэрээ” гэж байгаагаас шалтгаалан олон хүн андууран ойлгож байна. Яагаад хөрөнгө оруулалт гэж нэрлэсэн бэ? Тухайн үед Рио Тинто хөрөнгө оруулна гэж бодсон болохоос зээл өгнө гэж бодоогүй юм. Хэрвээ “12 хувийн хүүтэй зээл өгнө” гэж хэлсэн бол тэр үед УИХ-ын гишүүд хэзээ ч зөвшөөрөхгүй байсан. Тиймээс энэ гэрээний нэр уг нь “зээлийн гэрээ” байх ёстой байсан.
Анхан шатны ойлголт гэвэл: Монгол Улсад хүүтэй зээл олгох бол Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авах ёстой. Рио Тинто бол ийм лицензгүй. Хоёр иргэн хоорондоо хүүтэй зээлд л гэрээ хийсэн байхад хүртэл лицензгүй учраас хүү нэхэх эрхгүй байдаг. Банк, ББСБ л хүүтэй зээл өгч болно, хувь хүн болон компаний хувьд хүү нэхэх эрх хязгаарлагддаг. Яг л үүнтэй адил Рио Тинтогийн “зээлийн хүү” гэдэг зүйлд бид хууль эрхзүйн хүрээнд төлөхгүй байх боломжтой.
Рио Тинто хөрөнгө оруулна гэж хэлж байсан болохоос 20 тэрбум долларын зээл өгнө гэж хэлсэн бол энэ гэрээ хэзээ ч батлагдахгүй байсан. Тухайн үеийн энэ асар том төөрөгдүүлэлт — хөрөнгө оруулалт нэрээр зээл батлуулсан явдал — өнөөдөр та бүхнийг үр дагаврыг нь засах гэж хичээхэд хүргэж байгаа юм” гэв.






