
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 2025 оны 12 дугаар сарын 8-нд (Даваа гараг) эхэлсэн юм.
Тус сонсголд гэрчээр дуудагдсан УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Яг үнэндээ энэ гэрээ бол илэрхий залилан. Зууны луйврыг гардан зохион байгуулсан хүмүүс нь энд өөрсдөө сууж байна. Хамгийн гол нь С.Баярцогт тухайн үед Сангийн сайд байсан хүний хувьд энэ гэрээг голлон хариуцсан. Оюу толгойн гэрээ батлагдсаны дараа тэр гадаадын хөрөнгийн бирж дээр очиж, хонх цохиж зогссон нь олон нийтэд тодхон үлдсэн. Үүний дараа дотоод мэдээлэл ашигласан буюу “insider trading” хийж, хэдэн арван сая долларын ашиг олж, 25 сая долларыг Швейцарын оффшор дансанд нуусан нь баримтаар илэрсэн. Өөрөө 1 сая гэж ярьдаг ч бодит дүн нь 25 сая.
Гэтэл өнөөдөр тэр энд суучхаад “Монголын төрд гавьяа байгуулсан” мэт ярьж байгаа нь хамгийн эмгэнэлтэй. Үнэн хэрэгтээ энэ Оюу Толгойн гэрээ бол хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил, хууль бусаар хийгдсэн, монголчуудыг системтэйгээр хохироосон гэрээ. Бүх баримт, нотолгоо нь ил байгаа. Тиймээс Монгол Улс энэ гэрээг нэн даруй цуцалж, Рио Тинтог хөөж гарган, орд газраа өөрсдөө авч явах ёстой.
Хэрвээ хуулийн дагуу, харилцан ашигтай нөхцөлөөр, Монголын ард түмний эрх ашгийг хүндэтгэж гэрээ байгуулсан бол бид ийм байдалд хүрэхгүй байлаа. Харин тус компани Монголын хуулийг үл тоон, монголчуудыг доромжилж, С.Баярцогт мэтийн хүмүүсийг ашиглан гэрээг өөрт ашигтайгаар гүйцэтгэсэн. Бид тэднийг өнгөрсөн бүх хугацаанд хараад сууж болохгүй.
Энэ олон зөрчил, хууль бус үйлдлийн талаар өнөөг хүртэл нэг ч Ерөнхийлөгч, нэг ч Ерөнхий сайд бодитой арга хэмжээ аваагүйг онцолмоор байна.
Зарим хүн Норовын Алтанхуягийн Засгийн газар энэ гэрээг байгуулсан мэт ярьдаг. Энэ бол худал. Алтанхуяг тухайн үед далд уурхайн гэрээг хийхгүй гэж 6 үндэслэл бүхий албан эсэргүүцэл гаргасан. Оюу толгойн тухайн үеийн захирал Сэдванчик ч мөн “ингэж болохгүй” гэсэн албан бичиг илгээсэн тул Алтанхуяг түүнийг ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авсан байдаг. Дараа нь шинэ удирдлага томилогдож, өөрөө Рио Тинтогийн төлөөлөлд захиа бичиж, “би далд уурхайн гэрээг бүрэн дэмжинэ, та бүхэнтэй аль Улаанбаатар, аль эсвэл Лондонд гэрээг зурахад бэлэн” гэж санал тавьсан баримт бий.
Сайханбилэгийн Дубайн гэрээтэй яг адил — улс орны ашиг сонирхлоо хамгаалах биш, гаднын компанид боломж олгох хэлбэрээр хандсан.
Энэ бүхний дараа энд сууж байгаа хүмүүс “би дэмжээгүй”, “би эсэргүүцсэн” гэж ярьж байгаа нь өрөөсгөл. Хоёр нүүр гаргах, худлаа ярих үе өнгөрсөн. Баримтууд бүгд ил байна” гэв.






