
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна.
Сангийн сайд асан С.Баярцогт: Өнөөдөр ардчилсан хувьсгалын 36 жилийн ой тохиож байна. Тиймээс нийт Ардчилсан намын гишүүд, дэмжигчдэд энэ өдрийн мэндийг хүргэе.
Хүмүүс зэрэгцэж сууж байгаад дандаа худал ярьж байна. Тиймээс би дандаа баримт цуглуулж, ярьдаг.
Надад 2007 оны УИХ-д өргөн барьсан анхны төсөл бүрэн эхээрээ байгаа. Энэ дотор хувь нийлүүлэгчдийн гэрээ бий. Эдгээр материалууд УИХ-ын архивт хадгалагдсан. УИХ хоёр удаа хэлэлцсэн. ЭЗБХ-ны санал, дүгнэлтийг нийцүүлж, цаашлаад УИХ-д өргөн барьж, мэдүүлсэн байгаа. 57-р тогтоолын биелэлтийг УИХ-ын гишүүдэд танилцуулсан баримт мөн архивд байгаа.
Яагаад 57-р тогтоолын эхний заалтыг хуульд нийцүүл гэж гаргасан бэ гэхээр, хоёрдугаар сард өргөн барьсан гэрээ нь өөрөө бие даасан хууль байсан юм. Хувь нийлүүлэгчдийн гэрээг харьцуулж танилцуулсан нь УИХ-ын архивт байгаа.
Мөн эдийн засгийн үзүүлэлтүүдийг хоёр үнээр харьцуулсан материалыг УИХ-д тарааж, танилцуулсан. Олон нийтэд тараасан материал ч бий. 10 дугаар сарын 05-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл оруулсан материалыг би та бүхэнд харуулж байна. Ц.Даваасүрэн гишүүний эсрэг санал өгсөн асуудал яригдаагүй.
Хэлэлцсэн асуудал нь гурван хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал байсан. Энэ гурван хуулийг хэлэлцэхэд нэгэн дээр нь найм, нөгөө дээр нь долоон, нэгэн дээр нь есөн гишүүн санал өгсөн.






