
УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үеэр Усны газрын дарга З.Батбаяр Оюу толгой компанийн ус ашиглалт, төлбөрийн талаар дараах мэдээллийг өгсөн юм.
З.Батбаяр Усны газрын дарга
“Оюу толгойн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд дотроос ус бохирдуулсны төлбөрийг төлдөггүй цорын ганц компани нь Оюу толгой болж хувирсан. Яагаад ус бохирдуулсны төлбөр төлдөггүй вэ гэхээр 2009 оны гэрээн дээр тусгагдаагүй учраас бид төлөхгүй гэдэг.
Үүнийг төлдөггүй байжээ гэж бодтол өөр асуудал гарсан нь Оюу толгой компанийн одоо байгаа 2 хаягдлын далангаас ус маш их шүүрч байгаа. Өнгөрсөн онд 700 сая төгрөгийн торгууль тавьсан. Торгууль бүгдийг нь төлсөн.
Сая бид дахин очиж шалгахад лицензийн талбайгаас гараагүй боловч 800 метрийн урттай 20 орчим метрийн өндөртэй газар доорх даланг тэрхүү шүүрлийн усыг гаргахгүйн тулд бариад эргүүлээд тэнд хуримтлагдсан уснаасаа соруулаад хаягдлын далан руугаа хийж байна.
Энэ нь зарим нэг баталгаагүй мэдээгээр 20м3 секундийн ус эргээд хаягдлын далан руу орж байгаа. Энэ нь Туул голын урсацтай тэнцэх хэмжээний ус. Ийм учраас ус бохирдуулсны төлбөр төлдөггүй мөртөө асар их хэмжээний усыг хаягдлын далангаасаа шүүрүүлээд эргүүлээд хийж байна гэдэг асуудал дээр Оюу толгой компани анхаарахаас өөр аргагүй болж байгаа юм.
Гуравдагч хаягдлын далангийн асуудлыг ярьж эхэлж байгаа. Гэтэл гуравдагч хаягдлын далангийн даланг барих талбай лицензийн талбай дээр нь байхгүй. Анх ил уурхайг гаргахдаа Ундайн гол, сайрыг устгасан бол энэ хаягдлын далангаар сайрын асуудал яригдаад байна.
2023 оны 09 сараас эхлээд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх уул уурхайн компани кемпийнхээ хэрэглэсэн усыг ашиг олох зорилгоор хэрэглэсэн ус гэж үзээд төлбөр төлдөг болсон. Энэ төлбөрийг Оюу толгой компани мөн төлдөггүй.
Тэр нь ойролцоогоор жилдээ 500.000м3 ус буюу Даланзадгад хотын жилийн усны хэрэглээтэй тэнцүү хэмжээний төлбөр байгаа юм. Тийм учраас энэ устай холбоотой асуудал дээр Оюу толгой компани дэлхийн тэргүүлэх компани гэхэд ийм байдалтайгаар ус бохирдуулсны төлбөр төлдөггүй, хаягдлынх нь далангаас нь их хэмжээний ус нь шүүрсэн тэрийгээ эргүүлж авсан, ажилчдынхаа хэрэглэсэн усанд төлбөр төлдөггүй байдалтай байх нь дэлхий дахинд ичгүүртэй гэж хэлэхэд багадахаар хэмжээнд байгаа шүү.
Оюу толгой компани 2020 оноос хойш 15-20 орчим сая м3 усыг жилд ашиглаад 15 орчим тэрбум төгрөгийг төлж байгаа. Нийт ус ашиглалтын хамгийн сүүлийн мэдээгээр 87%-ийг дахин ашиглаж байгаа. 2009 онд баталсан нөөцийн хэмжээ бол 918 литр секунд. Гэхдээ бидэнд байгаа мэдээллээр Оюу толгой компанийн ус ашиглалтын дээд хэмжээ буюу хоолойн хүчин чадал нь 700 литр секунд юм.






