
“21 насанд хүрээгүй хүнд тамхи болон тамхины төрлийн зүйл худалдахгүй” гэж хуульчлах амархан боловч хэрэгжүүлэх нь хэцүү. Амьдрал дээр худалдагч танил тал харах, гуйлтад автах, орлогоо бодох гээд хувийн маш олон хүчин зүйлст автдаг, хууль хог болдог. ЕБС-аас 500 метрийн радиуст тамхи зарахыг хориглоно гэж хуульчилсан ч бүгд зарж байгаа. Энэ борлуулалт кассын машинд бүртгэгдэхгүй, татвар төлөгдөхгүй өнгөрдөг.
УИХ-ын дарга Н.Учрал “Хэрэгждэггүй хууль байснаас байгаагүй нь дээр” гэсэн нь нийтлэг зарчим мөн. Хүн төрөлхтөн жижгээр болтугай хуулийг зөрчдөг дадлыг иргэддээ суулгах нь хуулийг үл тоомсорлох сэтгэхүйг бойжуулж байгаа хэрэг болохыг түүхээрээ, гашуун алдаагаараа мэдэж авсан.
Хүн төрөлхтний түүхийн туршид шийдэх гэж чармайж ирсэн зорилт нь хүний хүчин зүйлийг хуулиар хязгаарлах юм. Хиймэл оюун, ухаалаг шийдлүүд хүний оролцоогүйгээр олон зүйлийг шийдэж байгааг хууль тогтоогчид мэдэхгүй өнгөрөх ямар ч боломжгүй. Дэлхий даяар тодорхой хязгаарлалттай барааг хүний хамаарлаас ангид яг хуулийн дагуу борлуулах технологи хэрэгжиж байна.
Энэ бол ухаалаг борлуулалтын шүүгээ – vending machine юм. Нэгд, энэ технологи тусгай апп-аар удирдагддаг. Апп-ын хэрэглэгчээр 21 нас хүрээгүй хүнийг бүртгэхгүй.
Хоёрт, Хаалга нь тунгалаг бус учир тамхи харагдахгүй. Гуравт, тамхи борлуулах тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрүүдэд л байршина.
Хэрхэн ажиллах вэ? Тусгай апп -т бүртгэлтэй хэрэглэгч өөрийгөө таниулахад борлуулалтын шүүгээ онгойж Хиймэл оюунаар тоноглогдсон 4 камер ямар үнэтэй бараа, хэдэн ширхгийг авч байгааг бүртгээд хаалга хаагдахад тооцоог харуулна.
Хэрэглэгчийн хэтэвчдээ урьдчилан байрлуулсан мөнгөнөөс тооцоо хасагдана. Хиймэл оюун бүртгэлгүй хэрэглэгчид үйлчлэхгүй, танилын царай халуун гэхгүй. Тэр ажлаа л хийдэг, хуулиа л мөрддөг.
Энэ технологийг дан ганц тамхи биш өсвөр насны хүүхдүүд архи, пиво, тамхи, цахилгаан тамхи, садар самуун агуулгатай бараа, хориглосон эм тариа гээд хязгаарлах ёстой бараануудыг авах боломжийг хаахад ашиглаж байна. Харамсалтай нь УИХ-аар хэлэлцэж буй тамхины хяналтын тухай хуулийн төсөлд дэвшилтэт технологи ашиглах талаар огт тусгасангүй. Энэ нь эргэлзээ хардлагыг эрхгүй төрүүлж байгаа юм. Нэг амаараа хууль гэж сүржигнээд цаад үйлдлээрээ хууль зөрчих нөхцөлийг тавьж өгч байна гэж ойлгохоос аргагүй үг үйлдлийн зөрүү энд гарч байна.
Хууль санаачлагчид архи, тамхины дэлгүүр бүрийн үүдэнд цагдаа зогсоох юм шиг ярьж, төсөөлж байгаа нь биелэгдэшгүй даалгавар болно. Тийм олон тооны цагдаа өдөржин дэлгүүрийн үүд сахих ямар ч боломжгүй. Цагдаа, худалдагч хүний насыг хараад л таних чадвар бий юу? 21 нас хүрсэн эсэхийг банкны дансны бүртгэл, апп-ын бүртгэл мадаггүй тогтооно.
Хиймэл оюунт борлуулалтын шүүгээ:
- Бэлэн мөнгө авахгүй, цахим хэтэвч ашиглах тул хүн гуйж авхуулах боломжийг хаана
- Apple Pay, Google Pay, банкнуудын CRM-д холбогдсоноор насанд хүрсэн болохыг давхар давхар баталгаажуулдаг
Одоо ухаалаг системийн ачаар хүүхэд эцэг эх, найз, танилын картаар тамхи авах шууд хаагдлаа. Дэвшилтэт технологи нэвтрүүлснээр:
- Хууль амьдрал дээр яг таг хэрэгждэг болно
- Худалдаачдад дарамт үүсэхгүй, хариуцлага дээшилнэ
- Хүүхдийг хорт зуршлаас үр дүнтэй хамгаална
- Төрийн хяналтын зардал алга болно
Үүнийг хэрэгжүүлэхгүй, хуульд тусгахгүй бол Тамхины хяналтын хуулийг санаачлагчид, энэ хуулиар улс төр хийгчид жинхэнээсээ хүүхдэд тамхийг борлуулахгүй байх хүсэлгүй, зүгээр л шоудаж байгаа нь тодорхой болно.






