
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өчигдөр /2025.12.08/ эхэлсэн.
Сонсголын талаар Дэд сайд асан Б.Солонгоо гэрчийн хувиар оролцож цахим хуудаснаа дараах зүйлийг нийтэлжээ.
Өчигдөр болсон нээлттэй сонсголын үеэр Калининградын гэх арбитрын шийдвэрийн талаар С.Баярцогт гуай хэвлэлд мэдээлэл өгчээ. Арбитрын шийдвэр гарсан төдийгүй, манай улсын Оюутолгой төсөл дэх хувь эзэмшлийн асуудал хөндөгдөх эрсдэл үүссэн гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлэх зорилготой байсан нь анзаарагдлаа. Ерөнхийдөө оросууд Оюу толгой төслийг авах гээд байна шүү гэж “айлгах” зорилготой ч юм шиг.
Оюу толгой ХХК-ийн аль нэг хувьцаа эзэмшигч хувьцаагаа шилжүүлэх, худалдах тохиолдолд нөгөө хувьцаа эзэмшигчээс зөвшөөрөл авах шаардлагыг Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгасан. Тиймээс Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авалгүйгээр аль нэг өөр этгээдэд хувьцаагаа худалдах эсхүл шилжүүлэх боломжгүй юм.
Нөгөө талаар С.Баярцогт гуайн яриад буй Калининградын гэх маргаан нь Русал компаниас Рио Тинто компанийн эсрэг гэрээ зөрчсөн үндэслэлээр гаргасан нэхэмжлэлтэй холбогдох маргаан бололтой.
Энэ асуудал Рио Тинто компани 80% эзэмшдэг, Русал компани 20% эзэмшдэг Австрали улсад үйл ажиллагаа явуулдаг хамтарсан компанийн үйл ажиллагаа, гэрээтэй холбогдуулж үүссэн бөгөөд Украйны дайнтай холбоотойгоор Оросын Холбооны Улсад тавьсан олон улсын хориг арга хэмжээтэй холбогдуулж Рио Тинто компани Русал компанийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй, хамтарсан компанийн хяналтыг 100% авсантай холбогдуулж Авсралийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан талаар австралийн хэвлэлээр мэдээлэл гарч байжээ.
Австралийн шүүх Рио Тинто компанийн талд маргааныг шийдвэрлэсэн бөгөөд Русал компани Оросын Холбооны Улсад маргаан эхлүүлсэн нь манай улсын Оюу толгой ХХК-ийн хувь эзэмшил шууд өөрчлөгдөх эрсдэл үүсэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Хувь нийлүүлэгчдийн гэрээний холбогдох заалтыг оруулав.



Рио Тинто компанийн Австрали улс дахь хөнгөн цагааны салбарт үйл ажиллагаа явуулдаг охин компанитай холбогдуулж үүссэн арилжааны маргаан бол Рио Тинто компанийн асуудал бөгөөд тус компани илүү дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар өгөх нь зүйтэй билээ. Харин энэ маргаанаас болж Оюутолгой төслийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх гэж байгаа мэтээр мушгин гуйвуулж тайлбарлах нь зохисгүй төдийгүй, иргэдийг төөрөгдүүлэх зорилготой үйлдэл гэж үзэхээр байна.
Нөгөө талаас Оюу толгой төсөл бол Рио Тинто компанийн хувьд стратегийн ач холбогдолтой төсөл юм. Гүний уурхай ашиглалтад орж бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр зэсийн олборлолтоороо дэлхийд тэргүүлэх уурхай болох Оюу толгой төслөөс гарч явах шийдвэрийг Рио Тинто компани гаргахгүй. Гаргасан ч Засгийн газартай зайлшгүй зөвшилцөх шаардлагатай асуудал юм.
Дэлхий даяар зэсийн эрэлт улам нэмэгдэж, нийлүүлэлт буурч байгаа энэ үед зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр нэмэгдэх хүлээлт өндөр байна.
Хэдхэн хоногийн өмнө нэг тонн зэсийн баяжмалын үнэ 11,700 ам.долларт буюу түүхэн дээд түвшинд хүрсэн, цаашид ч нэмэгдэх хүлээлттэй байна.
Цаашид бид Оюутолгой төслийг хэрхэн харилцан ашигтай, үр ашигтай хамтарч ашиглах уу гэдэг дээр анхаарч, Хөрөнгө оруулалтын гэрээ, холбогдох гэрээний хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай. Монголын талд ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх яриа хэлэлцээг үргэлжлүүлж, үр дүн гаргах хэрэгтэй.
Иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор зохион байгуулагдаж буй нээлттэй сонсголын үеэр Рио Тинто гараад явчих вий, Оюу толгой компани дахь хувь эзэмшил эрсдэлд орсон гэх мэт хоосон “айдаст” автуулах шаардлагагүй бөгөөд харин ч маш хариуцлагагүй үйлдэл С.Баярцогт гуай гаргаж байгаад харамсаж байна.






