
Өнгөрсөн даваа гарагийн шөнө орон нутгийн цагаар 23:15 цагт Японы зүүн хойд зүгийн Аомори мужийн эргээс 80 км зайд, 50 км гүнд 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Газар хөдлөлтийн улмаас багадаа 30 хүн бэртжээ.
Гамшгийн улмаас East Japan Railway компани галт тэрэгний зүүн хойд эрэг дагуух чиглэлүүдээ зогсооход хүрчээ. Аомори мужийн захиргаанаас мэдээлснээр гамшгийн улмаас 2700 орчим айл өрх тоггүй болсон байна. Эрх баригчид газар хөдлөлтөд өртсөн бүс нутгаас 90 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Түүнчлэн Японы эрх баригчид ирэх өдрүүдэд дахин газар хөдлөлт болж болзошгүй тул иргэдэд сонор сэрэмжтэй байхыг зөвлөсөн байна.

Цахилгаан эрчим хүчний Tohoku Electric Power компани газар хөдлөлтийн улмаас Хигашидори болон Онагава АЦС-уудад ямар нэг саатал доголдол гараагүй гэдгийг онцолжээ. Мөн 2011 онд болсон газар хөдлөлтийн улмаас үйл ажиллагаа нь зогссон Фүкүшима АЦС нь даваа гарагт болсон газар хөдлөлт өртөөгүй талаар Японы эрх баригчид Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагт мэдэгджээ.
2011 оны 3-р сарын 11-нд болсон 9 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Японы Хоншюү арал хүчтэй цунамид өртөж, уг гамшгийн улмаас 18 мянга гаруй хүн амь үрэгдэж, эрэг дагуух хотууд усанд автсан билээ.
Япон улс нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг ба тус улсад жилд 1500 орчим газар хөдлөлт бүртгэгддэг байна.
Энэ оны эхээр Японы судлаач мэргэжилтнүүд ирэх 30 жилд Кюүшюү арлын зүүн өмнөд эрэг дагуу, Хоншюү арлын өмнөд эрэг дагуу байрлах, 900 км урттай Нанкайн хонхорт асар хүчтэй газар хөдлөлт болох 60-90 хувийн магадлалтайг олж тогтоожээ. Уг газар хөдлөлт нь олон их наяд долларын хохирол учруулж, олон зуун мянган хүний аминд хүрэх аюултай аж.
Эх сурвалж: bbc.com






