
Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ой, Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэний 35 жилийн ой, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан “Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Т.Аубакир, Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид оролцлоо.


Монголын Хүүхдийн зөвлөлийн төлөөлөл хүүхдүүд маань “Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүүхдийн үндэсний чуулганаас гарсан санал, зөвлөмжөө танилцуулж, Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Т.Аубакир нарт гардуулан өгөв.
Мөн орон нутаг, нийслэлээс хүүхдүүд өөрсдийн хүсэл мөрөөдөл, томчуудаас хүсдэг зүйлс, хэлэхийг хүссэн үгээ зочдод захидлаар илгээж, Монгол хүүхдүүдийн дуу хоолой, үзэл бодлыг 35 улсын элчин сайд, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчид хүлээн авлаа.


Хүрэлцэн ирсэн элчин сайд, олон улсын байгууллагын төлөөллөөс хүүхдийн төлөө үйлсэд хувь нэмрээ оруулан, хүүхдийн эрх, хөгжил оролцоо, зөв төлөвшил, хүмүүжлийг дэмжих төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, гадаад хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэв.







