
Хүн өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх, тэр дундаа өдөр бүр фитнесс клуб, спорт заалыг зорих боломжгүй бол наад зах нь явганаар алхах нь эрүүл мэндэд хамгийн ач тустай байдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь цуснй эргэлтийг бүрэн сайжруулж, зүрхний үйл ажиллагааг дэмждэг. Ингэснээр бүрэн унтаж амрах гол суурь болдог учраас энэ нь хүний дархлааг маш сайн дэмждэг аж.
Гэхдээ амьдралын буруу хэв маягаас шалтгаалан жингийн илүүдэл хүн бүхний толгойны өвчин болж буй гэхэд нэг их хол зөрөхгүй биз ээ. Тэгвэл жингээ хасах нэрийдлээр гэнэт хоол хүнсээ огт хэрэглэхээ больж, огцом жингээ хасах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг спортын мэргэжлийн дасгалжуулагчид анхааруулж байна.
Бид жингээ хэрхэн зөв хасах, хоол хүнсээ яаж тохируулан хэрэглэх, дасгал хөдөлгөөнөө хэрхэн зохицуулж хийх талаар Бодибилдинг, фитнессийн Олон Улсын Хэмжээний Мастер Н.Хүрэлбаатартай цөөн хором ярилцлаа.
Ганцхан өдрийн арга хэмжээ, эсвэл баяр ёслолд зориулан жингээ огцом хасах нь маш буруу
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Жингээ огцом хасах нь буруу юу?
-Сүүлийн үед жингээ хасах бодолтой хүмүүс маш олон байгаа. Гэхдээ жингээ хасахдаа, маш богино хугацаанд огцом хасах, аль болох нэг сарын дотор таваас дээш бүр 10кг хүртэл хасна гэдэг ч юмуу. Ер нь ихэвчлэн хүмүүс хасах жингийнхээ килограммын тоо их байх, огцом их хасах сонирхолтой байдаг. Энэ чинь өөрөө нэг талдаа эрүүл мэндэд маш муу. Яагаад вэ гэхээр хүний бие организмд сөрөг байдлыг бий болгодог гэсэн үг. Дасгал хөдөлгөөн хийх тэгэхдээ фитнессээр хичээллэж жингээ хасна гэдэг нь тууштай байдлын үр дүн байдаг. Энэ спорт нь эрүүл мэндийн номер нэг спорт. Хүн өөрөө эрүүл байхын тулд хөдөлгөөнтэй, өөрийнхөө биеийг гоё сайхан байлгахын тулд фитнесс клубыг зоридог болохоос маш хурдан жингээ хасаж, бүх хоолоо сойсноор энэ нь эрүүлээр жингээ хаях асуудал огт биш болж хувирна. Энэ тал дээр фитнессийн багш нар ч гэсэн хүмүүст зөв мэдээлэл өгч сайн хэлж ярьж байх ёстой.
-Зарим хүмүүс гэнэт амьдралын хэв маягаа өөрчлөхөөр юм уу, эсвэл зөвхөн хувцаслалтандаа тохируулахын тулд жингээ хасахыг урьтал болгодог. Тэгэхээр энэ нь эрүүл мэндэд сөрөг талтай байдаг уу?
-Бооцоот тэмцээн уралдаанд эсвэл шинэ жил ч юмуу, баяр ёслол, ямар нэгэн арга хэмжээнд зориулан сүүлийн үед жингээ их хасдаг болсон. Энэ бол маш буруу. Мэдээж хоол хүнс маш чухал. Хоололтын хувьд идэж буй хоолтойгоо уялдуулж байж, хийсэн дасгал маань илүү үр дүнгээ өгнө. Өөрөө тэр хүсч буй үр дүндээ хүрэхэд хоол маш чухал. Гэхдээ жингээ хасаж байна гээд хоолоо шууд сойж огт болохгүй. Тухайн хүн өөрөө идэх хоолоо, мөн жин нэмэх орц, найрлагатай хүнс тэжээлийг маш удаан хугацаанд хэрэглэчихсэн учраас түүнийгээ бага багаар хэрэглээнээсээ хасах ёстой. Тэгээд мэргэжлийн багшаасаа хоолны зөвлөгөөг маш сайн авах чухал.
Фитнесст ирэнгүүтээ маргаашаас нь эхлээд л бүгд хоолоо сойгоод эхэлчихдэг. Хурдан хугацаанд бушуухан турах гээд л байдаг, ингэж огт болохгүй.
Спортоор хичээллэн, дасгал хөдөлгөөний үр дүн нь тууштай, урт хугацаанд хөдөлмөрлөсний дараа харагддаг
-Фитнесст яваад л маш богино хугацааны дараа жингээ хаяад, гоё бие галбиртай болно гэж хүмүүс өнгөц төсөөлдөг. Энэ нь сэтгэлзүйд нь ч эсрэгээр нөлөөлдөг болов уу?
-Ер нь фитнесс бол өөрөө цаг хугацааны спорт. Хэн удаан хугацаанд зөв, тэвчээртэй, тууштай явсан хүний үр дүн гардаг. Мэдээж энэ хооронд хоол, амралт, нойр, бэлтгэл гэсэн эдгээр зүйлүүд яг таг хоорондоо зохицох ёстой байдаг. Спортоор хичээллэхийн тулд хүн бүр тамирчин болох албагүй, харин их биш, бага багаар тууштай, тогтмол хийх нь хүний эрүүл мэндэд эерэг ач холбогдолтой. Урт хугацаанд уйгагүй хийсэн хүн л өөрөө өөрийгөө ялан дийлж, хүссэн, зорьсон бодит үр дүндээ хүрнэ гэсэн үг л дээ.
-Орой дасгал хөдөлгөөн хийвэл хэдэн цагаас хойш хамгийн тохиромжтой вэ?
-Хүн дасгал хийж, спортоор хичээллэвэл орой 20:00 цагаас мөн л бэлтгэлдээ хамрагдах нь илүү ач тустай. Тэр цагаас хойш гэвэл биеийг ачаалуулах нь зүрхэнд хэт их ачаалал өгдөг. Энэ нь шөнө унтаж амрахад сөргөөр нөлөөлдөг.
Орой 20:00 цагаас өмнө дасгал хөдөлгөөн хийвэл үр дүнтэй
-Жингээ хаяж байна гээд зарим хүмүүс оройн цагаар тараг их уудаг. Энэ нь зөв хоололт болж өгч чаддаг уу?
-Хүн баярын арга хэмжээ магадгүй төрсөн өдрийн баярт ч уригдаж очиж болно. Тэнд очоод бялуу юмуу, гурил гурилан бүтээгдэхүүн идлээ гэхэд түүнийг дасгал хөдөлгөөнөө зөв хийгээд шатаагаад хөлсөөрөө гадагшлуулдаг байх хэрэгтэй. Харин тараг оройн цагаар уух нь буруу. Ер нь хэт исгэлэн юмуу тийм найрлага орсон хоол хүнс хэт орой болсон үед хэрэглэх нь ходоод, гэдэсний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг талтай. Үүний оронд амархан шингэхүйц жимс жимсгэнэ, амин дэмээр баялаг ногооны салат ч юмуу идэж хэрэглэвэл илүү тохиромжтой. Эцэст нь хэлэхэд дасгал хөдөлгөөн хийхдээ хооллолт дээрээ мэргэжлийн багшаас зөвлөгөө мэдээлэл авч, зөв хэмнэлээр тууштай хичээллэх нь хамгийн байгаа оносон сонголт гэдгийг онцлон хэлье.
-Жингээ огцом хаясан хүмүүс эргээд огцом нэмдэг. Шалтгаан нь юу вэ?
-Ер нь баяр ёслолын үеэр огцом их жин хаях нь тухайн хүн өөрийгөө харгисаар зовоож, турж байна гэсэн үг. Жингээ хэвийн байлгахын тулд стрессээ зөв зохицуулах хэрэгтэй. Зарим хүмүүс ажлаасаа шалтгаалан их стресстдэг. Таалагдахгүй ажил, гэр бүлийн асуудал нэмэгдэхийн хэрээр бууруулах аргыг хайж эхэлдэг.
Үүнээс болж хорт зуршилтай болох, амттан идэх, хоолны буруу хэрэглээ нэмэгддэг.
Стрессийн гаралтай их идэлт, бодисын солилцоо удааширч, таргалалт үүснэ. Богино хугацаанд биш жилийн эхнээсээ биеийн жингээ бууруулах зөв аргыг хэрэглэх ёстой. Өөртөө тохирсон зорилгыг тавьж, бага багаар дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх нь зүйтэй. Стрессийг бууруулах бясалгал хийвэл бүр сайн. Стресс буурахаар өөрөө аяндаа зөв хооллож эхэлдэг.
-Орчин үед тураах зөвлөгөө, эрүүл хооллолтын дэглэмүүд цахим орчинд маш их чөлөөтэй нийтлэгдэж байна. Эдгээрийг хүмүүс хүссэнээрээ дагаж бас мөрдөж байгаа?
-Ялангуяа Америк, барууны орнуудаас эрүүл, зөв хооллох зөвлөгөөг маш их дагаж, оролдож байна. Гэхдээ амьдрал дээр харахаар нэг хэсэг лемонтой ус ууж, нарийн ногоо, чиа үр, хонины махнаас татгалзаж, тахианы цээж мах идээд л байгаа харагддаг.
Эрүүл хоол гээд идэж буй ч нэг сар идээд л эцсийн мөчид монгол хүн гурилтай шөл, бууз, хуушуур, цуйвангаа иддэг. Тэгэхээр манай орны цаг уураас өөр орны эрүүл хооллох дэглэм нь монгол оронд тохирохгүй байгааг харуулж байгаа юм.
Өвлийн улиралд бага хооллоод байвал хүч тамир багасч, дархлаа сулран, ядарч эхэлдэг.
-Өвлийг өнтэй давах, энэ хүйтэн сэрүүний улирал хэрхэн зөв хооллох ёстой вэ?
-Хүний бие махбод улиралтайгаа зохицож өөрчлөгдөж байдаг. Гадаа хүйтрэхээр хүний бие дулаанаа хадгалахын тулд шар үсний сүвээ хаадаг. Ингэхээр ходоодны хүчил нэмэгддэг. Энэ үед ходоодыг хоосон байлгаж болохгүй. Тэгвэл ходоодны их хүчил хамгаалалтын бүрхүүлээ түлж, үрэвсүүлдэг.
Тэгэхээр өвлийн улиралд ходоодны хүчил ихэссэн үед хүний биед илч дулаан хэрэгтэй. Тийм учраас өвөл хоол хүнсийг ахиу хэрэглэх нь зүйтэй. Ялангуяа махан хүнсийг түлхүү хэрэглэх шаардлагатай байдаг.
-Тэгвэл өвлийн улиралд хоолны дэглэм барих нь зохимжгүй гэсэн үг үү?
-Хүйтний улирлыг даван туулахын тулд хүний биед тамир, илч дулаан заавал шаардлагатай. Энийг даван туулахын тулд хоол хүнс тэр дундаа мах байдаг. Хоол хүнсээ сайтар идэж байх ёстой. Энэ үед хоолны дэглэм барьж, мацаг барьвал биеийн илч дулаан, тамир муудна. Ингэснээр тухайн хүний толгой эргэх, бие хөнгөрч, нойргүйднэ, дархлаа суларна. Өвчлөмтгий болно. Тураах дэглэм барьж дууссаны дараа буцаад улам таргалсан тохиолдол ч цөөнгүй.
Ярилцсанд баярлалаа.






