
Euromonitor компаниас жил бүр дэлхийн хотуудыг аялал жуулчлал, тогтвортой байдал, эдийн засгийн үзүүлэлтүүд, эрүүл мэнд болон аюулгүй байдал зэргээр нь үнэлж, Top 100 City Destinations Index жагсаалтыг гаргадаг билээ.
Энэ жил хамгийн сэтгэл татам хотуудын жагсаалтыг 5 дахь жилээ дараалан Францын нийслэл Парис хот тэргүүлсэн бол хамгийн олон жуулчин хүлээж авсан хотоор Тайландын нийслэл Бангкок хот тодорчээ.
2019 онд галд өртөж шатсан Парисын Дарь Эхийн сүм өнгөрсөн оны 12-р сард дахин үүд хаалгаа нээсэн нь мөн хөл бөмбөгийн Paris Saint German клуб нь анх удаа Аваргуудын лигт түрүүлсэн зэрэг нь Парис хотыг зорих жуулчдын тоо нэмэгдэхэд багагүй нөлөөлжээ.
Хамгийн сэтгэл татам хотуудын жагсаалтын эхний 10-т Европын 6 хот багтжээ. Жагсаалтын 2-т Испанийн Мадрид, 4 ба 5-д Италийн Ром, Милан хотууд, 7-д Нидерландын Амстердам, түрүү жилийн жагсаалтад 10-т бичигдэж байсан Барселона хот хоёр байр ахиж 8-д бичигдсэн байна.
Цагтаа эхний 10-т багтаж байсан Лондон хот аялал жуулчлалын дэд бүтцээрээ дээгүүр бичигдсэн ч аялал жуулчлалын бодлого, эрүүл мэнд, аюулгүй болон тогтвортой байдлын тал дээр үнэлгээ нь буурч, жагсаалтын 13-аас 18-р байр луу ухарч, Хонконг, Киото хоёр хотын дунд бичигдсэн байна.
Ази-Номхон далайн хотуудаас Японы нийслэл Токио хамгийн сэтгэл татам хотуудын жагсаалтын 3-т, Сингапур 9-д, БНСУ-ын нийслэл Сөүл хот 10-т тус тус бичигдсэн бол АНУ-аас Нью-Йорк хот 6-д бичигдэж, жагсаалтын эхний 10-т багтсан Америкийн цорын ганц хот болжээ.
Дэлхийн хамгийн олон гадаадын жуулчин хүлээн авсан хотоор Тайландын Бангкок хот тодорчээ. Тус хот 2025 онд 30.3 сая гадаадын жуулчин хүлээн авсан байна. Тайландын нийслэл аялал жуулчлалын бодлого, сэтгэл татам байдлаараа хамгийн өндөр үнэлгээг авчээ.
Хамгийн олон жуулчин хүлээн авсан хотуудын жагсаалтын 2-т 23.2 сая жуулчин хүлээн авснаараа Хонконг, 3-т 22.7 сая жуулчин хүлээн авсан Лондон хот бичигджээ. Жагсаалтын 4-т Хятадын Вегас гэгддэг Макао хот бичигдсэн байна. Тус хотыг 2025 онд 20.4 сая жуулчин зорьжээ.
Ази-Номхон далайн хотуудыг зорих гадаадын жуулчдын тоо энэ онд 10 хувиар нэмэгдсэн ч үүнийг дагаад түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнтэй газруудад нь жуулчид хэтэрхий олноор цуглах, зарим жуулчид зохисгүй, бүдүүлэг үйлдэл гаргах асуудал тасрахгүй байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор хотууд аялал жуулчлалын стратегиа өөрчилж, тоонд биш чанарт анхаарахыг эрмэлзэх болжээ. Улс орнууд эх оронд нь олон хоногийг өнгөрөөж, их хэмжээний мөнгө үрж, орон нутгийн байгаль орчин, соёл заншилд хүндэтгэлтэй бөгөөд хариуцлагатай хандах жуулчдыг илүү татах стратеги баримталж эхэлжээ.
Эх сурвалж: edition.cnn.com






