
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
Монголчууд Оюутолгойгоос хэзээ ашиг хүртэх вэ гэдэг нь эхний асуудал. 2040 оноос хойш Оюу толгойн борлуулалт буурч эхэлнэ гэсэн дүгнэлт гарсан байна. Үйл ажиллагааны зардал нь хэвээрээ байхад орлого нь багасах нөхцөл үүсэхээр байна. Зардлаа нөхөхгүй байх ч график харагдаж байна.
Одоо яригдаж буй бичиг баримтын тал буюу 51 хувь нь “НУУЦ” гэсэн тамгатай. Тиймээс одоо ярьж болохгүй нөхцөл бий болсон байна.
С.Мөнхсүх түрүүн хуулийг гуйвуулж тайлбарлаж байна билээ. “Нууц” гэж тамгалаад явуулчихсан учраас бүх зүйл нууц болчихдог. Оюутолгойн санхүүгийн тайлан хүртэл нууц байна. Бүх юмыг нуучихаар хэзээ асуудлыг ил ярьж, хэзээ асуудлаа шийдэх юм бэ?
Хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчийн гэрээ нь байгуулагдсаны дараа ТЭЗҮ нь батлагдсан байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллага хуулийг мөрдөх ёстой.
Түүний асуусан асуулт:
-Рио Тинто Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээндээ 11 хувийн хүүтэй зээл өгч, “Онтред”-д 6.5 хувийн хүүтэй зээл олгосон байна. Яагаад зээлийн хүү ийм зөрүүтэй байгаа юм бэ?
-Үндсэн зээлээсээ давсан зээлийн хүүтэй байх нь санхүүгийн бизнес үү? Уул уурхайн ажиллагаа юу?
Оюу толгой компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх:
Нөхцөлийн хувьд буюу хүүгийн зөрүүг ярьж байгаа юм. “Онтре”-той хийсэн гэрээ 2004 оноос эхэлсэн. Энэ дүн, нөхцөлүүд 2004 онд л тохирсон тоонууд юм. Тэр үед Рио Тинто байгаагүй, би ч байгаагүй учраас нарийн мэдээлэлгүй байна.
Сүүлийн гурван жилд Оюутолгойн Рио Тинтогоос авч байгаа нөхцлүүд нөгөө талд илүү давуу байгаад байсан тул “Онтре”-тэй эрчимтэй хэлэлцээр хийсэн. Үр дүнд нь өмнө нь яригдаж байсан бүх үзүүлэлтүүд менежментийн төлбөр, хүү зэрэг бүгдийг сайжруулсан. Сайжруулсан хувилбарыг Оюутолгойн менежментийн баг жил хагасын өмнө ТУЗ-доо танилцуулсан. Одоо сайжруулсан хувилбарыг ТУЗ-д өргөн барьсан, шийдвэр хүлээж байна.






